Органик хүнсний бүтээгдэхүүн үнэтэй борлуулагддаг
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Органик хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Органик хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар нараас гаргасан асуулт, тодруулгад ажлын хэсгээс хариулт өгөв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд, органик хүнсний бүтээгдэхүүн нэлээдгүй үнэтэй борлуулагддаг. Монголд үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний дийлэнх нь органик хүнс байдаг. Иймд хамгийн том бэрхшээл бол үнийн асуудал байгаа. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар муутай холбоотой. Мөн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангаас бүтээгдсэн бүтээгдэхүүн, өртөг багатай аж ахуйгаас бүтээгдсэн бүтээгдэхүүнийг ялгах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнийг хэрэглэгчид хүргэх асуудал хүндрэлтэй. Жишээ нь, маш сайн чанарын махны үүлдрийн үхэр үржүүлэхэд түүний борлуулалтад гарах зардал, бэлчээрийн мал аж ахуйгаас гарч байгаа үхрийн махны үнэ өртөг ялгаатай. Эдгээрийг нэг лангуун дээрээс борлуулах үнийн зөрүүг хэрэглэгчид ялгах боломжгүй байдаг гэдгийг хэлж, энэ хуулийн хэрэгжилт хэр бодитой байх асуудлыг хөндсөн юм.
Мөн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Оюуны гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 90 хувийн саналаар дэмжлээ. Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.


















