Орхон аймаг 5440 тонн үр тариа хураана
Харин ганд тэсвэртэй нутгийн үрийг тариалсан байгууллагууд ургацаа төлөвлөсөн хэмжээндээ авна гэдгийг аймгийн мэргэжилтнүүд хэлж байна.
Мэдээллийн алба

Орхон аймгийн малчид, тарианчид өвөлд бэлтгэж байна. Энэ жил гантай байсан учраас бага хэмжээний ургац алдах төлөвтэй байгаа. Харин ганд тэсвэртэй нутгийн үрийг тариалсан байгууллагууд ургацаа төлөвлөсөн хэмжээндээ авна гэдгийг аймгийн мэргэжилтнүүд хэлж байна.
Орхон аймагт тариалан эрхэлдэг 10 гаруй ААН байгууллага, хадлан тэжээл бэлтгэдэг 1000 гаруй өрх байдаг. Энэ жил аймгийн хэмжээнд 130 мянга орчим мал өвөлжиж, хаваржих бөгөөд 7800 тонн байгалийн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Засгийн газрын тогтоолын дагуу аюулгүйн нөөц бэлтгэнэ. Сум тус бүрт 100 тонн өвс, 30-аас доошгүй тонн тэжээл бэлтгэх ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Харин үр тарианы хувьд энэ онд 4000 га талбайд тариалалт хийсний 3900 га-д улаанбуудай тариалсан. Ургац тогтоолтоор нэг га-гаас 9.8 центнер тариа хураана гэсэн дундаж дүн гарсан байна. Энэ жилийн тариалалтыг ганд тэсвэртэй, богино болцтой "Дархан-34" сортын үрээр хийжээ.
Түүнчлэн аймгийн газар тариалангийн бүс нутаг болох Жаргалант суманд нийт дөрвөн ААН үр тариа, 147 иргэн төмс, хүнсний ногоо тариалжээ. Жаргалант сум 10-р сарын 15 гэхэд үр тариа болон төмс, хүнсний ногооны хураалт дуусна гэдгийг хэлж байна.
Өнгөрсөн жил тус сум 1 га-аас 25-23 центнер үр тариа хураан авч, зарим талбайд га-аас 52 центнер хүртэлх ургац хурааж байсан юм. Нэмж мэдээлэхэд, аймгийн хэмжээнд өвөжилтийн бэлтгэл 70 орчим хувьтай байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч үзээрэй.


















