Орон гэргүй хүмүүсийг бүртгэлжүүлж байна
“Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдарч буй иргэдийг бүртгэлжүүлэх ажил өнөөдрөөс Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст эхэлж байна.
Мэдээллийн алба

“Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдарч буй иргэдийг бүртгэлжүүлэх ажил өнөөдрөөс Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст эхэлж байна.
Дээрх ажлыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, 1-20 дугаар хорооны ажлын алба, Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтсүүд, Бүртгэлийн хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, хорооны ӨЭМТ-үүд, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв хамтран зохион байгуулж буй юм.
Өнөөдөр тус ажлын хэсгийн дарга, дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах холбогдох мэргэжилтнүүдийн хамт бүртгэлжүүлэх ажлын явцтай газар дээр нь танилцаж, “...бүртгэлжүүлэх нь эхний ажил, цаашид иргэдийг нийгэмшүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллах тул нөхцөл байдлын үнэлгээгээ маш сайн хийх хэрэгтэй” гэж зөвлөлөө.
Бүртгэл хоёр өдөр үргэлжилнэ. Одоогоор Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 70 гаруй иргэд бүртгэлд хамрагдаж, эрүүл мэндийн үзлэг оношлогоонд орсон бол Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 60 гаруй хүн бүртгэгджээ.


















