Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутагт тарваган тахлын вакцинжуулалт хангалттай хүргэгджээ

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын голомттой. Иймд иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг эмч мэргэжилтнүүд зөвлөлөө. Улсын хэмжээнд энэ сарын 10-28-ны өдөр тарваган тахлаас сэргийлэх вакцинжуулалт үргэлжилж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутагт тарваган тахлын вакцинжуулалт хангалттай хүргэгджээ
Орон нутагт тарваган тахлын вакцинжуулалт хангалттай хүргэгджээ. Зураг: МҮОНРТ

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын голомттой. Иймд иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинжуулалтанд идэвхитэй хамрагдахыг эмч мэргэжилтнүүд зөвлөлөө. Улсын хэмжээнд энэ сарын 10-28-ны өдөр тарваган тахлаас сэргийлэх вакцинжуулалт үргэлжилж байна.

ОБЕГ-ын мэдээллээр хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ууса, Жалбаа гэдэг газарт үхсэн тарвага байсныг ЗӨСТ-д лабораторид шинжлүүлэхэд тахлын үүсгэгч илэрсэн билээ. Манай улсын 130 гаруй сум тарваган тахлын голомттой тул тарвагыг хууль бусаар агнахгүй, мөн эд эрхтнийг нь түүхийгээр нь хэрэглэхгүй байхыг ОБЕГ-ын мэргэжилтэн Ч.Туяа анхаарууллаа.

Тарваган тахал долдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-ныг хүртэл хамгийн их идэвхиждэг. Иймд иргэд тарваган тахал өвчнөөс сэргийлэхийн тулд вакцинд хамрагдах шаардлагатай. Өөрийн оршин суугаа газрын эмнэлэгт хандан үнэ төлбөргүй вакцин хийлгэхийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн их эмч Д.Отгонбаяр зөвлөв.

Аймаг орон нутаг руу тарваган тахлын вакциныг хангалттай хүргүүлжээ. Тухайлбал, Налайх дүүргийн эмч мэргэжилтнүүд орон нутгийн телевизтэйгээ хамтран иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн өрхийн эмч нар илүү цагаар ажиллан айл өрхүүдээр явж тарваган тахлын вакцин хийж байна гэдгийг Багануур дүүргийн Яаралтай тусламж 103-ийн их эмч У.Бадамцэцэг мэдээллээ.

Зун, намрын улиралд зарим иргэд хууль зөрчиж, тарвага агнах, ялангуяа нохойгоор, хавх, урхиар агнах нь их. Мөн мах, түүхий эдийг нь зарж борлуулах, боловсруулалгүй хэрэглэх нь ч бий. Үүнээс үүдэн тарваган тахлаар өвчлөх магадлал хамгийн их бүрддэг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Хуваалцах