Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашинтай боллоо

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашинтай боллоо
Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашинтай боллоо

Өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй нөхцөлд алслагдсан сум, орон нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай хүргэх зорилгоор туулах чадвар сайтай, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 80 ширхэг түргэн тусламжийн автомашиныг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.

2025 онд хийсэн судалгаагаар 21 аймгийн 104 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашины хэрэгцээ шаардлага байгааг тогтоосон.

Иймд автомашины ашиглалтын хугацаа дууссан, цаашид ашиглах боломжгүй болох эрсдэлтэй эрүүл мэндийн байгууллагуудыг эрэмбэлэн, парк шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах” төсөл, хөтөлбөрийн хүрээнд Land Cruiser 78 Long маркийн, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай, Starlink интернэтийн төхөөрөмж бүхий 80 автомашиныг нийлүүлж байна.

Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/288, А/370 дугаар тушаалаар 17 аймгийн 72 сумын Эрүүл мэндийн төв болон улсын хэмжээний төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд, нийслэлийн Багануур, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд дээрх автомашиныг хуваарилан  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр гардуулан өгсөн юм.

Шинэ автомашинууд нь цас, мөс, бартаа, замын хүнд нөхцөлд ажиллах өндөр хүчин чадалтайгаас гадна эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, Starlink интернэтийн төхөөрөмжтэйгээрээ онцлог юм.

Энэхүү парк шинэчлэлийн үр дүнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын түргэн тусламжийн бэлэн байдал, хүртээмж, шуурхай ажиллагаа сайжирч, алслагдсан бүс нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нөхцөл бүрдэж байна.

Хуваалцах