Орон нутгийн сайтуудын анхдугаар чуулган болно
Өнөөдрийн байдлаар орон нутгийн түвшинд 70 орчим мэдээллийн сайт ажиллаж байна. Тэдний үгийг сонсох, хоорондоо хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, бодлогоор дэмжиж ажиллах,
Мэдээллийн алба

Монголын Сайтын Холбоо Орон нутгийн сайтуудын анхдугаар чуулганыг 2015 оны 11 сарын 14-нд Улаанбаатар хотноо зарлалаа.
Орон нутгийн сайтууын анхдугаар чуулганаар орон нутгийн сайтуудад тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэх, чуулганд оролцогчдод мэргэжлийн сургалтанд хамруулах, цахим сэтгүүлзүйн анхны мэргэжлийн ангид орон нутгаас сэтгүүлчдийг сонгон шалгаруулж 50 хувийн хөнгөлөлттэй суралцуулах, орон нутгийн сайтуудын вэб хостинг, серверийн асуудал дээр туслалцаа үзүүлэх, төвийн сайтуудын мэдээлэл солилцооны нэгдсэн группэд орон нутгийн сайтуудыг хамруулах, орон нутгийн сайтуудыг төвийн сайтуудтай линклэн холбох, сайтын холбооны бодлогоор тэднийг дэмжиж ажиллах, орон нутгийн сайтуудын хороог Монголын сайтын холбооны дэргэд эмхлэн байгуулж, дарга удирдлагуудыг сонгох гэх мэт олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Зохион байгуулалтын хувьд орон нутгаас оролцох төлөөллүүд замын зардлаа өөрсдөө хариуцах бөгөөд хоол, зочид буудал, хүлээн авалт, гарын бэлэг зэрэг бусад бүх зардлыг Монголын Сайтын Холбоо санхүүжүүлж байгаа ажээ. Нэг сайтаас нэг төлөөлөл оролцох эрхтэй бөгөөд хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай бол нэг хүн нэмж оролцуулах боломжтой юм байна.
Монголын Сайтын Холбоо нь 173 сайтыг эгнээндээ нэгтгэсэн сайтуудын эрх ашгийг хамгаалах, тэдний бизнесийг дэмжих зорилготой байгуулагдсан цахим сэтгүүлзүйн хөгжлийг түүчээлж буй анхдагч мэргэжлийн байгууллага юм. Монголын сайтын холбоо нь эрхэм зорилгынхоо хүрээнд өнгөрөгч тавдугаар сарын 3-нд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн тохиолдуулан Цахим сэтгүүлзүйн анхдугаар форумыг Төрийн ордонд зохион байгуулсан. Тус форумаас цахим сэтгүүл зүйн салбарын өөрийн зохицуулалтын анхны баримт бичиг болсон Улаанбаатарын цахим тунхагийг батлан гаргасан билээ.
Орон нутгийн сайтуудын анхдугаар чуулган бол орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг дэмжсэн тэр дундаа цахим мэдээллийн хөгжилд томоохон түлхэц өгөх чухал арга хэмжээ болно хэмээн Монголын Сайтын Холбооны удидлагууд мэдэгдэж байна.


















