Орон нутгийн удирдлагын чадварыг дээшлүүлнэ
Тогтвортой амьжиргаа төслийн 3-р үе шатыг 34.1 сая америк долларын санхүүжилтээр гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Мэдээллийн алба

Тогтвортой амьжиргаа төслийн 3-р үе шатыг 34.1 сая америк долларын санхүүжилтээр гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Энэ төсөл нь 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Орон нутгийн хөгжлийн талаарх иргэдийн оролцоо, идэвхи, санаачилгыг дэмжиж, ил тод санхүүжилтийг бий болгосноор иргэдийг чадавхижуулна гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Анддерсон онцолж байлаа. Эхний хоёр төслийн хүрээнд орон нутгийн иргэдийн ахуйн амьдралыг сайжруулж, 300 гаруй сумдын боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү чиглэсэн 6000 гаруй төслийг санхүүжүүлсэн байна. Харин энэ удаа орон нутгийн хөгжлийн санг илүү боловсронгуй болгох тал руу төслийг хэрэгжүүлнэ. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, иргэдийн оролцоог хангасан аймаг, сум, багийг урамшуулж, орон нутгийн хөрөнгө оруулалтад шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхээрээ энэ удаагийн төсөл илүү ач холбогдолтой гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт хэллээ.
Тогтвортой амьжиргаа төслийг Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, Сангийн яам хамтран хэрэгжүүлэх юм. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, үр ашигтай зарцуулах боломжийг олгоно. Мөн орон нутгийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх нь энэ төслийн бас нэг зорилго гэж албаныхан онцолж байсан юм.


















