Оросын Холбооны аюулгүй байдлын албаны төв байранд ноцтой халдлага гарчээ
Оросын Холбооны аюулгүй байдлын албаны төв байранд ноцтой халдлага гарч, нэг хүн амь насаа алджээ.
Мэдээллийн алба

Оросын Холбооны аюулгүй байдлын албаны төв байранд ноцтой халдлага гарч, нэг хүн амь насаа алджээ. Халдлага үйлдсэн этгдээд Москва хотод байдаг Холбооны аюулгүй байдлын албаны төв байрны үүдний хүлээн авагч руу гал нээсэн байна.
Хохирогч нь замын цагдаагийн албан хаагч байсан гэж зарим хэвлэлд тайлбарлажээ. Мөн энэ үеэр Оросын Холбооны аюулгүй байдлын таван ажилтан суманд өртөж шархадсанаас хоёрынх нь биеийн байдал хүнд, эмнэлэгт байгаа юм байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг ээлжит хэвлэлийн хурлаа хийсний дараа болсон энэ халдлагын эзэн автомат буугаар буудаж эхлэхэд цагдаа, хүчнийхэн шуурхай арга хэмжээ авч, нэг оффицер түүнийг буудан хороожээ.
Одоогоор энэ байгууллагын эргэн тойронд хүчнийхэн гарч бүсэлсэн байна. Мөн Холбооны аюулгүй байдлынхан халдлагыг урьдаас зохион байгуулсан байж болзошгүй гэж сэжиглэж буй аж.
Халдлага үйлдсэн этгээдийг хэн болохыг нь тогтоохоор ажиллаж байгаа гэж мэдээлжээ. Гэхдээ халдлага үйлдсэн этгээд нь 39 настай Евгений Манюров гэдэг хуульч хүн байсан гэх албан бус мэдээ байна.


















