Оскарын шагналт жүжигчин Холли Бэрри 54 нас хүрлээ
Тэрбээр жүжигчний замналаа эхлэхээсээ өмнө орон гэргүй хүмүүстэй хамт хоног төөрүүлдэг, байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.
Мэдээллийн алба

Загвар өмсөгч, Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн нэг, Оскарын шагналт Холли Бэрри өнөөдөр 54 нас хүрч байна. Олон олон гавьяа шагналын эзэн тэр дундаа Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн анхны өнгөт арьст эмэгтэй болсон Холли Берригийн амьдрал тийм ч дардан байсангүй.
Тэрбээр жүжигчний замналаа эхлэхээсээ өмнө орон гэргүй хүмүүстэй хамт хоног төөрүүлдэг, байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.
Холли 21 настайдаа жүжигчин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Чикагод очсон боловч дорвитой амжилтад хүрэх нь битгий хэл ажилд ч орж чадахгүй явсаар халаасандаа задгай мөнгө ч үгүй болжээ. Анхнаасаа л охиныхоо гадаад үзэмжээрээ мөнгө олох гэсэн сонирхолд дургүй байсан ээж нь тухайн үед Холлиг амьдрал үзэг гээд ганц ч доллар илгээгээгүй байна. Ийн Холли Берри хөлсний байрнаасаа гарч, хэсэг хугацаанд орон гэргүй хүмүүс амьдардаг халамжийн төвд хоноглодог байжээ.
Тэрбээр ямартай ч зорилгодоо хүрсэн бөгөөд 2002 онд нээлтээ хийсэн “Monster's Ball” кинонд арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй эрийн гарт нөхрөө алдсан ганц бие эх Летициа Масгровын дүрийг бүтээсэн. Ийн уг дүрээрээ кино урлагийн хамгийн нэр хүндтэй Оскарын шагнал гардуулах ёслолоос шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан билээ.


















