Ослын голомт руу очих замыг засварлаж, ус соруулах хоолой холбожээ
-Дахин нуранги болох эрсдэлтэй, аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна-
Мэдээллийн алба

-Дахин нуранги болох эрсдэлтэй, аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна-
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Эко алтан заамар” компанийн ил уурхайд гарсан ослын голомтод ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан баг ажиллаж байна. Тухайн газарт Онцгой байдлын байгууллагын 30 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, нурангид дарагдсан дөрвөн иргэн, КАТ-374 загварын экскаватор, КАТ-D-8-Т загварын бульдозерыг гаргах ажиллагаа явуулж байна.
Нурангийн талбайд хөрсний усны ундарга ихтэй, уурхайн хананаас ус урсаж байгаа учир дахин нуранги болох эрсдэлтэй, аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа аж.
Одоогийн байдлаар аврагчид нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих, ус соруулах хоолойн холболт хийж байна. Мөн бульдозерыг татан гаргахын тулд троссын холболтыг хийхээр дөрвөн аврагч дөрвөн метрийн гүнтэй, шавартай усанд 1-6 удаагийн шумбалт хийжээ.


Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


















