Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Осолдсон нисэх онгоцны үлдэгдлийг олон улсын хамтарсан баг хайж байна

Иргэний агаарын тээврийн “Египет Эйр” компанийн нисэх онгоц Газар дундын тэнгист сүйрсэн шалтгааныг тодруулах өргөн цар хүрээтэй мөрдлөг шалгалт

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Осолдсон нисэх онгоцны үлдэгдлийг олон улсын хамтарсан баг хайж байна
Осолдсон нисэх онгоцны үлдэгдлийг олон улсын хамтарсан баг хайж байна. Зураг: МҮОНРТ

Иргэний агаарын тээврийн “Египет Эйр” компанийн нисэх онгоц Газар дундын тэнгист сүйрсэн шалтгааныг тодруулах өргөн цар хүрээтэй мөрдлөг шалгалт эхлээд байна. Тус онгоц Парис хотоос Египетийн нийслэл Каир хотын чиглэлд нислэг үйлдэж яваад радараас гарч, ор сураггүй болсон.

Грекийн батлан хамгаалахын сайдын мэдээлснээр "Эйрбус А320" загварын энэ нисэх онгоц 2 удаа огцом эргэж, 7600 гаруй метрээс өндрөө алдан Газар дундын тэнгист унасан болох нь радарт бүртгэгдсэн байна. Египетийн эрх баригчид "Эйрбус А320" нисэх онгоц техникийн саатал гэхээсээ илүү алан хядагчдын үйл ажиллагаанаас үүдэн сүйрсэн байх магадлал өндөр гэж үзэж байгаа юм.

Одоогоор Египет, Грек, Франц, Их Британийн цэргийн анги нэгтгэлүүд хамтран Грекийн Карпатос арлын ойролцоо эрлийн ажиллагаа явуулж байна. Өмнө нь Грекийн эргийн харуулууд Египетийн нисэх онгоцных байж болзошгүй аврах хантааз, пластик материал Газар дундын тэнгисээс илрүүлсэн талаар Египетийн иргэний агаарын тээврийн сайд мэдэгдсэн. Гэвч энэ нь "Эйрбус А320" нисэх онгоцных биш болохыг тогтоосон гэдгээ “Египет Эйр” компани сая мэдээллээ.

Нисэх онгоц нийтдээ 66 хүн тээвэрлэж явсан бөгөөд Гринвичийн цагаар 23 цаг 9 минутад Парис хотоос хөөрч, шөнийн 00 цаг 30 минутад радараас холбоо тасарсан байна. Онгоцонд Египетийн 32, Францын 15 иргэн, мөн Их Британи, Ирак, Канад, Бельги, Кувейт, Саудын Араб, Алжир, Судан, Чад зэрэг орны тус бүр 1-2 иргэн явсан болохыг Би-Би-Си агентлаг уламжиллаа.

Хуваалцах