Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулна
Зөвхөн биет хөрөнгөөс гадна оюуны өмчөө ашиглан эдийн засгийн харилцаанд орох боломжтой.
Мэдээллийн алба

Зөвхөн биет хөрөнгөөс гадна оюуны өмчөө ашиглан эдийн засгийн харилцаанд орох боломжтой. Гэвч манайд үнэлгээний тогтолцоо нь хангалттай бүрдээгүй учраас эрдэмтэн судлаачид шинийг санаачлагчдын гайхалтай бүтээлүүд патентжуулсан санаа болж хувирах тохиолдол олон байдаг. Тиймээс эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчдын төлөөлөл, салбарын мэргэжилтнүүд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах арга замын талаар хэлэлцлээ.
Зөвхөн “Аpplе” компанийн лого гэхэд хэдэн сая доллараар үнэлж болох оюуны өмч. Яг л ийм байдлаар бид оюуны өмчөө үнэлж чаддаг болчихвол үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй нэгэн адил эдийн засгийн чухал хэрэглүүр болох боломжтой. Тиймээс Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоо оюуны өмчийг дагнан хариуцдаг мэргэжлийн үнэлгээчдийг бэлтгэхээр зорьж байна.
Оюуны өмчийг үнэлж эхэлснээр олон талын үр ашигтай. Ганцхан жишээ дурдахад, кино зохиол биччихээд санхүүжилт хайж явах шаардлагагүй, бүтээлээ үнэлүүлээд түүндээ тохирсон зээл, хөрөнгө оруулалтыг хаанаас ч босгох боломж бүрдэнэ. Монгол Улсын эдийн засаг тэлэх чухал хөшүүрэг ч болж чадна гэж салбарынхан тодорхойллоо.
Монгол Улс оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги хэрэгжүүлж байна. Мөн эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг ч хэрэгжүүлэхээр болсон. Энэ удаагийн хэлэлцүүлгээс оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах явцыг хурдасгах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, оюуны өмчийг үнэлэх тогтолцоог сайжруулах чиглэлд зөвлөмж гарган, бодлогын баримт бичигт тусгуулахаар болсон байна.


















