Оюутан цэргүүд ирэх сард тангараг өргөнө
Оюутнууд танхимын сургалтаа дуусгасны дараа зургаадугаар сарын 15-наас Төв аймгийн Алтанбулаг дахь цэргийн ангид очиж дадлага хийгээд Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдөр болох зургаадугаар сарын 28-нд цэргийн тангараг өргөхөөр болжээ. Цаашдаа НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах үйлсэд оролцох хүсэлтэй ол
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигаар “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас 40 тоот тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж энэ оны II улирал буюу дөрөвдүгээр сарын 1-нээс “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлээд байна.
Арга хэмжээний хэрэгжилттэй Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд, хөтөлбөрийг зохицуулагч, Монгол Улсын гавьяат багш, хурандаа Г.Мягмаржав нар танилцлаа. Тэд МУИС, ШУТИС, МУБИС-д очиж оюутан-цэргүүдийн хичээллэлтийн байдалтай танилцсан юм. МУИС, ШУТИС, МУБИС, БХИС гэсэн дөрвөн сургууль дээр 69 их, дээд сургуулийн оюутныг төвлөрүүлэн цэргийн эрдэм зааж байгаа юм байна. Энэ хөтөлбөрийн эхний ээлжинд нийт 500 гаруй оюутан хамрагдаж байгаа ажээ.
Оюутан-цэргүүд бямба, ням гараг бүрт 09.00-12.00 цагийн хооронд хичээллэж Батлан хамгаалахын эрх зүй, ерөнхий тактик, галын бэлтгэл, тусгай бэлтгэл гэсэн дөрвөн төрлийн хичээл үзэж “Цэргийн ерөнхий бэлтгэл” гэсэн номыг судлаж байна.
Оюутнууд танхимын сургалтаа дуусгасны дараа зургаадугаар сарын 15-наас Төв аймгийн Алтанбулаг дахь цэргийн ангид очиж дадлага хийгээд Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдөр болох зургаадугаар сарын 28-нд цэргийн тангараг өргөхөөр болжээ. Цаашдаа НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах үйлсэд оролцох хүсэлтэй олон оюутан байгааг илэрхийлж байлаа.


















