Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнууд цэргийн алба хаана

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу Батлан хамгаалахын болон Боловсрол шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж энэ оны хоёрдугаар улирал буюу дөрөвдүгээр сараас “Оюутан-цэрэг” хөтөлбөрий

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Оюутнууд цэргийн алба хаана
Оюутнууд цэргийн алба хаана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу Батлан хамгаалахын болон Боловсрол шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж энэ оны хоёрдугаар улирал буюу дөрөвдүгээр сараас “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлэхээр болжээ.

Батлан хамгаалах яамны мэдээлснээр дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын ангийн, эрэгтэй, 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн оюутнуудыг сайн дурын үндсэн дээр хөтөлбөрт хамруулах юм байна. Хөтөлбөрийн дагуу цэргийн ерөнхий бэлтгэл сургуулийг хоёр кредитийн программтайгаар сонгон суралцуулж, сургалтын агуулгад нь тусгаж, их, дээд сургуулиудад энэ үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Ингэж ажиллахыг их, дээд сургуулиудын захирлуудад Батлан хамгаалахын болон БШУ-ны сайд нар хамтарсан тушаалаар даалгажээ. Мөн оюутан залуусаар суралцах хугацаанд нь цэргийн алба хаалгах журмыг батласан байна.

Хөтөлбөрт хамрагдах оюутнууд сургалтын албандаа бүртгүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдан, цэргийн ерөнхий бэлтгэлийн хоёр кредитийн төлбөр болох 76 мянган төгрөгийг төлж, сонгон суралцах юм. Үүний дараа орон нутгийн Цэргийн хэлтэст өөрөө өргөдөл гаргаж бүртгүүлээд цэрэгт татагдан, цэргийн тусгай бэлтгэлийн төвд хоёр сар цэргийн тусгай бэлтгэл хийх юм байна. Энэ үедээ хугацаат цэргийн албан хаагчийн нэгэн адил цэргийн байранд байрлаж, эрх, үүргийг биелүүлж, суралцах бөгөөд энэ хугацаандаа мото буудлагын цэргийн тасгийн дарга буюу буудагч гэсэн тусгай мэргэжил эзэмшүүлж гаргах юм. Мөн гадаад, дотоодын цэргийн их, дээд сургуульд элсэх, энхийг сахиулах олон улсын арга хэмжээнд оролцох эрхтэй болох ажээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ оюутнуудыг цэргийн нэгдүгээр зэргийн үүрэгтнээр бэлтгэхээр болжээ. Тухайн оюутан уг хөтөлбөрт хамрагдсанаар дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн үүрэгтэн болж бэлтгэгдэх юм. Хэрэгцээтэй үед салаа цэрэг ахлаж үйл ажиллагаанд оролцох залуусыг бэлтгэх юм байна.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан ирэх долоо хоногийн даваа гарагт буюу гуравдугаар сарын 17-нд Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээн авах арга хэмжээ болох юм.

Хуваалцах