Оюутнуудад цэргийн анхан шатны мэдлэг олгоно
Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, цэрэг эх оронч үзэл, хүмүүжил, төлөвшлийг олгох зорилго бүхий цэргийн бэлтгэл сургалт явуулах анхдагч “Цэргийн тэнхим” Монголын Үндэсний дээд сургуульд байгуулагдлаа.
Мэдээллийн алба

Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, цэрэг эх оронч үзэл, хүмүүжил, төлөвшлийг олгох зорилго бүхий цэргийн бэлтгэл сургалт явуулах анхдагч “Цэргийн тэнхим” Монголын Үндэсний дээд сургуульд байгуулагдлаа. ”Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлнэ” гэж тусгасан бөгөөд энэхүү төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа Монголын үндэсний их сургууль дээрээс гараагаа эхэлж байгаагаараа онцлогтой юм.
Батлан хамгаалах яамны зүгээс цаашид бүх их, дээд сургуулиудад энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Түүнчлэн бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд энэхүү арга хэмжээ тодорхой хувь нэмрээ оруулах юм. Тэнхим ийнхүү өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн ч хичээлээ эхлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс “Цэргийн эрдмийн тэнхим”-ийн сургалтын үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлж сургалтын үзүүлэн таниулах материал хэрэгсэл, ном, сурах бичгээр хангаад байгаа аж. Монголын үндэсний их сургуулийн бүх оюутнууд энэ тэнхимээр дамжин цэргийн анхан шатны мэдлэгийг эзэмших юм байна.


















