Оюутолгой компани энэ онд 175-195 мянган тонн зэс үйлдвэрлэнэ
Оюутолгой компани гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулсан.
Мэдээллийн алба

Оюутолгой компани гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Тус компани энэ оны эхний есөн сард 144 мянган тонн зэс, 446 мянган унци алтны агуулга бүхий 556 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Харин экспортыг нь авч үзвэл 146 мянган тонн зэс, 577 унци алтны агуулга бүхий 583 мянган тонн зэсийн баяжмал гадаад зах зээлд нийлүүлжээ. Алтны өндөр агуулгатай хэсгээс олборлолт хийх ажил удааширснаас баяжмал дахь алтны агуулга өмнөх улирлаас 48 гаруй хувиар буурсан байна.
Харин үйлдвэрлэсэн болон экспортод гаргасан зэсийн баяжмал 26 хувийн дундаж агуулгатай байжээ. Хэдийгээр алтны агуулга буурсан ч, энэ онд төлөвлөсөн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх бололцоотой гэж тус компани үзэж байна. Тус компанийн тухайд энэ онд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт үйлдвэрлэх төлөвтэй байгаа юм. Гэхдээ дараа жилээс ил уурхайн өндөр агуулгатай хэсгээс олборлолт хийснээр зэс, алтны үйлдвэрлэл ирэх онд өсөх таамагтай байна.



















