“Пингвинс” цувралыг 3:0-ээр тэргүүлж байна
Лигийн өнгөрсөн улирлын аварга “Питтсбург Пингвинс” баг плэй-оффын эхний шатандаа "Колумбус Блю Жэкетс"-тэй учраа таарч, цувралын эхний 2 тоглолтод өөрийн талбайдаа дараалан хожоод байсан бол өнөөдөр цувралын 3 дахь тоглолт "Колумбус"-ын талбайд явагдсан байна.
Мэдээллийн алба

Шайбтай хоккейн спортод энэ цаг үед нэр хүнд, цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлэгч томоохон тэмцээн Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн 2016-17 оны улирал өндөрлөж, плэй-оффын шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр лигийн плэй-оффын 1-р тойргийн хүрээнд нийтдээ 4 тоглолт боллоо. Лигийн өнгөрсөн улирлын аварга “Питтсбург Пингвинс” баг плэй-оффын эхний шатандаа "Колумбус Блю Жэкетс"-тэй учраа таарч, цувралын эхний 2 тоглолтод өөрийн талбайдаа дараалан хожоод байсан бол өнөөдөр цувралын 3 дахь тоглолт "Колумбус"-ын талбайд явагдсан байна.
Лигийн тэмцээний 4 удаагийн аварга, Майк Салливан дасгалжуулагчаар удирдуулсан "Пингвинс"-ийн залуус өнөөдрийн тоглолтод “Нэйшнвайд Арена”-д зочилж, цувралын 3 дахь тоглолтдоо оролцлоо. Харин талбайн эзэн баг "Колумбус"-ын залуусын хувьд цувралд 2:0-ийн харьцаатай хожигдож байсан учраас энэ өдрийн тоглолтын эхнээс хожлын төлөө ширүүн тэмцэж, эрч хүчтэй тоглолтыг үзүүлж байсан. Улмаар тоглолтын эхний минутад Кэм Эткинсон гоолын салхийг хагалсан юм. Гэсэн ч Жейк Гюнцель энэ гоол орсоноос хоёрхон минутын дараа тооны харьцааг тэнцүүлсэн юм. "Колумбус"-ын хоккейчид тоглолтын 5, 6 дахь минутад дараалан 2 гоол оруулж тооны харьцааг 3:1 болгосон. Энэ удаад Кэм Эткинсон дахин нэг гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан бол Зак Веренски багийнхаа 3 дахь шайбыг оруулжээ. 3 үеийн 60 минутын турш эн тэнцүү өрсөлдөөнтэй үргэлжилсэн энэ тоглолтын 2-р үед Оцон шувууд өрсөлдөгч баг Колумбусын хаалганы улаан гэрлийг 2 удаа асаасан. Энэ удаад "Пингвинс"-ийн залуусаас Брайан Раст дараалан 2 гоол оруулсанаар тооны харьцааг 3:3 болгон тэнцүүлжээ. Улмаар 3–р үе эхлээд "Колумбус"-аас Брендон Дубински гоолыг оруулсан бол зочдоос Жейк Гюнцель тооны харьцааг 4:4 болгон тэнцүүлжээ. Улмаар тоглолтын ялагчийг нэмэлт цагт шийдвэрлэж, 73 дахь минутад 22 настай залуу довтлогч Жейк Гюнцель энэ өдрийн 3 дахь гоолоо оруулж багтаа ялалтыг авчирсан юм. Өнгөрсөн жилийн Лорд Стэнлийн цомын эзэн “Питтсбург Пингвинс”-ийн хувьд ингэснээр плэй-оффын эхний тойргийн цувралдаа 3:0-ийн харьцаатай тэргүүлж эхэллээ. Багуудын хоорондох цувралын 4 дэх тоглолт энэ пүрэв гарагт болно.


















