Прага хотын амьтны хүрээлэнд монгол гэр барилаа
Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн долоодугаар сарын 20-ны өдөр Тахийн өдөрлөг зохиов. Уг арга хэмжээний үеэр Тахь байрладаг хашааныхаа дэргэд монгол гэр барьж ёсолжээ.
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн долоодугаар сарын 20-ны өдөр Тахийн өдөрлөг зохиов. Уг арга хэмжээний үеэр Тахь байрладаг хашааныхаа дэргэд монгол гэр барьж ёсолжээ.
Энэ ёслолын үеэр тус улсад суудаг монгол дуучдын бэсрэг концерт болж, монгол нум сум харваж, монголын тал нутгийн ард түмний амьдрал, онгон байгалийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэж Прага хотын амьтны хүрээлэнд амралтын өдрөөр зорьж очсон олон үзэгчдэд Монгол Улсыг таниулахад тустай арга хэмжээ болсон төдийгүй тус паркийн ажилтнууд, Монгол Улсын БОНХЯ-ны болон Говь-Алтай аймгийн тахийн төслийн төлөөлөгчид, БНЧУ-д суугаа Монголын ЭСЯ-ныхан оролцсон байна.
Ёслолын арга хэмжээг Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нээж, тус хүрээлэнгийнхэн саяхан Монголын Тахийн шар нуруунд гурван тахь хүргээд ирснээ цохон тэмдэглэж, уг төслийн арга хэмжээг амжилттай зохион байгуулахад оролцсон Чех, Монголын талын төлөөлөгчдөд талархал илэрхийлжээ.


















