Програм хангамж үйлдвэрлэлийн хоёрдугаар чуулган болж байна
“Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган” Мэдээллийн технологийн үндэсний паркт өнөөдөр эхэллээ.
Мэдээллийн алба

“Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган” Мэдээллийн технологийн үндэсний паркт өнөөдөр эхэллээ.
Чуулганыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нээж хэлсэн үгэндээ “Бид II чуулганаар програм хангамж үйлдвэрлэлийн салбарыг дэмжих бодлогын хүрээнд салбарын хөрөнгө оруулалт ба санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрүүд бий болгох асуудлыг хэлэлцэж, бодитой шийдлүүд олохыг зорин ажиллах болно. Бид нэгэн зорилгын дор нэгдэж Монгол ухаанаар бүтсэн, Дэлхийд танигдсан Монгол брэндийг бий болгохын төлөө хамтран ажиллах цаг болсон хэмээн үзэж байна. Үүний үр дүнд Үндэсний Програм хангамж үйлдвэрлэгчид Дэлхийн зах зээлд өрсөлдөж, оюуны баялаг бүтээгч энэ салбар Монгол Улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг болгон хөгжүүлэх боломж бидэнд байна” хэмээн онцлолоо.
Чуулган салбар хуралдаануудаар үргэлжилж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид ба програм хангамжийн үйлдвэрлэлийн салбарын оролцогчид хоорондын ойлголцол, түншлэлийг нэмэгдүүлэх замаар програм хангамж үйлдвэрлэгчийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, Зах зээлийн эрэлт хэрэгцээ ба шаардлагыг илүү нээлттэй, тодорхой болгох замаар програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжрууулах, Төрийн мэдээллийн технологийн удирдлагын албаны хэрэгцээ шаардлагыг бүрэн тодорхойлох замаар Цахим Засаг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шийдэл боловсруулах гэсэн гурван чухал үр дүнд хүрэх юм.
.jpg)


















