Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Р.Жигжидийг томилох асуудлаар МАН завсарлага авлаа

Хуралдааны үеэр Уул уурхай, эрчим хүчний сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидийг Уул уурхай, эрчим хүчний сайдад томилох тухай асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Р.Жигжидийг томилох асуудлаар МАН завсарлага авлаа
Р.Жигжидийг томилох асуудлаар МАН завсарлага авлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дөнгөж сая болж, сайд нарыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан Ц.Баярсайханыг Барилга хот байгуулалтын сайдын, А.Гансүхийг Зам тээврийн сайдын, Д.Ганхуягийг Уул уурхайн сайдын, Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайдын, М.Сономпилийг Эрчим хүчний сайдын албан тушаалаас тус тус чөлөөлүүлэх саналаа оруулж байгаагаа танилцууллаа. Ингээд сайдуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ.

Үүний дараа Уул уурхай, эрчим хүчний сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидийг Уул уурхай, эрчим хүчний сайдад томилох тухай асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт завсарлага авах болсон үндэслэлээ “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ Ерөнхий сайд оочин, цоочин оруулж ирж байна. Өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд нарыг томилох асуудлыг давхар хэлэлцэх ёстой байсан. Гэтэл зөвхөн Уул уурхайн сайдыг томилох тухай оруулж ирлээ. Дээр нь МАН-ын бүлэг хариуцлага тооцох асуудлыг орхигдуулж болохгүй гэдгийг Ерөнхий сайдад удаа дараа мэдэгдсэн. Харамсалтай нь, энэ асуудал дарагдаж, сайдууд чөлөөлөгдсөнөөр асуудлыг нэг талд нь шийдэх болж байна. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг асуудлыг цогцоор хэлэлцэх ёстой хэмээн үзэж, тав хоногийн завсарлага хүсч байна” гэсэн юм. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшилж байна.


Хуваалцах