Р.Сүхбат: АСЕМ-ын арын албанд зэвсэгт хүчин өргөн бүрэлдэхүүнээр орж ажилласан
Хэдхэн хоногийн хугацаанд Монгол дэлхийн улс гэдгээ нотлон харууллаа. Манай дайчин цэрэг эрсийн баатарлаг гавьяа, спорт, урлагийн томоохон амжилтууд дэлхийд хаа нэг түгж байснаас нэгдсэн байдлаар ингэж эх орноо сурталчилсан нь бидэнд үгүй юм.
Мэдээллийн алба

Хэдхэн хоногийн хугацаанд Монгол дэлхийн улс гэдгээ нотлон харууллаа. Манай дайчин цэрэг эрсийн баатарлаг гавьяа, спорт, урлагийн томоохон амжилтууд дэлхийд хаа нэг түгж байснаас нэгдсэн байдлаар ингэж эх орноо сурталчилсан нь бидэнд үгүй юм. Тэгвэл АСЕМ-ын 11 дүгээр дээд төвшний уулзалтыг амжилттай зохион байгуулсаны ард хэн байв. Арын албанд хэн ажиллав. Мэдээж цагдаа, онцгой, хил хамгаалах, эмнэлгийн бүрэлдэхүүн, сайн дурынхан ажилласан. Харин улсын нууцтай хамааралтай ажлууд, харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцаж, албан уулзалтын байр болон хүндэт зочдын байрлах зочид буудлын гаднах тохижилтыг Зэвсэгт хүчний дайчид хариуцан ажиллажээ. Энэ тухай ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатаас зарим зүйлийг асууж тодрууллаа.
-АСЕМ-ын уулзалтын арын албанд Зэвсэгт хүчин бүрэлдэхүүнээрээ ажилласан гэсэн. Танай дайчид ямар, ямар үүрэг гүйцэтгэж оролцов?
-АСЕМ-ын 11 дүгээр дээд төвшний уулзалтын бэлтгэл ажил хоёр жилийн өмнөөс эхэлсэн гэдгийг та бүхэн мэднэ. Бэлтгэл ажлын хүрээнд хэд, хэдэн ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд үүний нэг нь Хууль зүйн сайдаар ахлуулсан аюулгүй байдлыг хангах чиглэлийн ажлын хэсэг байсан. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нь тухайн ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгагдсан аюулгүй байдлыг хангах чиглэлийн арга хэмжээнүүдэд ихэвчлэн орж үүрэг гүйцэтгэлээ. Тухайлбал, тодорхой хотхон, обьектуудын гадна хамгаалалтын болон шадар хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, тэсэрч дэлбэрэх зүйлийг хайж утсгах, цацраг хими, биологийн хайгуулын ажлыг зохион байгуулахад мэргэжлийн алба хаагчид маань орж ажиллалаа. Түүнчлэн бэлтгэл ажлын хүрээнд "АСЕМ-Вилла" хотхон, Шангри-Ла зочид буудлын гадна талын тохижилт, "Чингисийн хүрээ" аялал жуулчлалын баазын орчны тохижилтыг бусад байгууллагуудтай хамтран гэрээ байгуулах замаар хийж гүйцэтгэлээ. Мэдээж Зэвсэгт хүчинд хүлээлгэсэн үүргүүдийг гүйцэтгэхийн тулд холбогдох байгууллагуудтай хамтран нэгдсэн хөтөлбөр гаргаж ажилласныг онцлох ёстой. АСЕМ-ын арын албанд ажиллах алба хаагчдаа төрийн бусад байгууллагуудтай хамтран хэд, хэдэн үе шаттайгаар сургалт зохион байгуулж дадлагажуулсан байгаа. Үүний үр дүнд манайхан үүргээ маш сайн гүйцэтгэж, уулзалтын аюулгүй байдалд ямар ч асуудал гарсангүй. Зэвсэгт хүчин АСЕМ-аар хүлээсэн үүргээ сайн гүйцэтгэж чадлаа.
-Байлдагчаасаа эхлээд ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайд хүртлээ өргөн бүрэлдэхүүнээр ажилласан юм байна. Хэдэн хүний бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэв?
-Цэргийн алба хаагчдын тоог нарийн хэлэх боломжгүй. Барагцаалбал, давхардсан тоогоор 2500 гаруй цэргийн алба хаагч тодорхой үүрэг гүйцэтгэж оролцлоо. АСЕМ-ын 11 дүгээр дээд төвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчин маань хоёр жилийн өмнөөс эхлэн уулзалт амжилттай дуусах хүртэлх бүх хугацаанд ажиллалаа.
-Энэ уулзалтын үеэр зочдын анхаарлыг татсан нэг зүйл бол яахын аргагүй Нүүдэлчдийн наадам байлаа. Үүнийг БХЯ, ЗХЖШ-ынхан хариуцан ажилласан билүү?
-Нүүдэлчдийн наадам зохион байгуулах ажлыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хариуцан ажилласан. Нүүдэлчдийн наадмын гол үүргийг энэ ажлын хэсэг нугалсан. Мэдээж Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн наадмын хотхоныг байгуулахаас эхлээд наадам зохион байгуулах бүхий л ажилд гар бие оролцсон.
-Олон улсын төдийгүй Үндэсний баяр наадам зохион байгуулахаас эхлээд улсын гэх бүх арга хэмжээний ард Зэвсэгт хүчин ажилладаг. Танай дайчид баяр наадмын арын албанд ажиллаж дуусаад шууд АСЕМ-ын харуулд ажиллаж харагдана лээ?
-Тийм ээ. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнгөрсөн өдрүүдэд өндөр ачаалалттай ажиллалаа. Хамгийн гол нь бид төр, засгийнхаа өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэж чадлаа. Энэ л чухал. Үндэсний баяр наадмын нээлт, хаалтад гэхэд 500 гаруй цэргийн алба хаагч, хурдан морины уралдаан зохион байгуулахад 300 гаруй цэргийн алба хаагч орж ажилласан. Дээрээс нь Монгол Улсын төрийн далбааны өдрийн цэргийн ёслолын жагсаал, баяр наадмын үеэрх төрийн ёслолын арга хэмжээг бүрэн хариуцан ажиллах үүрэгтэй. Энэ бүх үүргээ амжилттай гүйцэтгэсэндээ баяртай байна. Манай Зэвсэгт хүчний бөхчүүд болон сур, морины уралдаанд өөрсдөө ч амжилт дүүрэн оролцсон байгаа.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам


















