Радио
Айл бүхэн л радиотой байлаа. Гэрт амьдардаг айлууд нь баганандаа радиогоо өлгөчихнө. Байранд суудаг айлууд нь үүдний хаалганы орчимд юм уу, гал тогооны өрөөндөө шугамын радио байрлуулна.
Мэдээллийн алба

Айл бүхэн л радиотой байлаа. Гэрт амьдардаг айлууд нь баганандаа радиогоо өлгөчихнө. Байранд суудаг айлууд нь үүдний хаалганы орчимд юм уу, гал тогооны өрөөндөө шугамын радио байрлуулна. Харин хөдөөнийхөн радионыхоо зайг сольчихоод хадлан, отор, бэлчээр гээд л хаа явсан газраа өвөртөлж явна. Гэхдээ ихэнхдээ хоймрын авдран дээрээ л залдаг байв шүү дээ.
06.00 цагт төрийн дуулал эгшиглэсний дараа үндэсний болон сонгодог хөгжим явна. Тэгж байтал "...Замын голоор алхсан
Цагдаа ах аа, сайн байна уу" гээд дуу цангинаж, хүүхдүүдэд зориулсан нэвтрүүлэг эхэлнэ. Яг энэ дараалал, хэмнэлийг ухаан орсон цагаасаа л мэдэрч өссөн дөө. Өдөрт гэртээ ганцаараа суугаад хичээлээ давтах, орой хоол хийх гээд гурил зуурч зогсохдоо радиондоо чих тавина.
Тогтуун сонсголонтой атлаа танил дуу хоолойтой хүмүүс мэдээ уншина, үйлдвэр дотор, тариан талбай, малчны хотноос сурвалжлага хийнэ. Нүдэнд харагдтал ярьцгаана даа. Хотод оюутан болж ирэх хүртлээ радио байнга сонсдог байлаа.
Одоо заримдаа хотын түгжрэлд явж байхдаа машины радиогоо элдэв FM, MP энэ тэр дээр биш, Үндэсний радио дээр тааруулаад сонсч ээ явахад сайхан байдаг. Бага насны эгэл даруухан хэрнээ, нандин тэдгээр өдрүүд зүрх сэтгэлд мэдрэгдэж, мухрын өрөөнийнхөө буланд радио сонсоод цонхоор гадагшаа ойр орчмоо ажин удтал зогсдог байсан үе минь санагддаг юм.
Хааяа ч гэсэн радиог сонсохоор хүнтэй ярьсан юм шиг, хүнээс үг дуулж байгаа юм шиг мэдрэмж төрдөг шүү.
Д.ГАНСАРУУЛ /medee.mn/


















