Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Радио нэвтрүүлгийг чанартай дамжуулах талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт МҮОНРТ-ийн удирдлага, холбогдох хэлтэс, албадынхан, МТШХХГ, ХХЗХ, РТС УТҮГ-ын удирдлагууд мөн ШУТИС-ийн доктор профессорууд, радиогийн ахмад ажилтан, сэтгүүлчид оролцож радио өргөн нэвтрүүлгийн сонсогдолтын өнөөгийн байдал болоод хэтийн төлөв, цаашид хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах тал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Радио нэвтрүүлгийг чанартай дамжуулах талаар хэлэлцлээ
Радио нэвтрүүлгийг чанартай дамжуулах талаар хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн байранд өнөөдөр “Радио өргөн нэвтрүүлгийн сонсогдолтын өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Хэлэлцүүлэгт МҮОНРТ-ийн удирдлага, холбогдох хэлтэс, албадынхан, МТШХХГ, ХХЗХ, РТС УТҮГ-ын удирдлагууд мөн ШУТИС-ийн доктор профессорууд, радиогийн ахмад ажилтан, сэтгүүлчид оролцож радио өргөн нэвтрүүлгийн сонсогдолтын өнөөгийн байдал болоод хэтийн төлөв, цаашид хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах талаар нээлттэй хэлэлцсэн юм.

МҮОНР-гийн захирал Л.Цэрэн-Очир: Радиогийн нэвтрүүлгийг чанартай хүргэх талаар зөвлөлдлөө...

-Өнөөдрийн энэ уулзалтын талаар ерөнхий мэдээлэл өгөөч?

- МҮОНР-гийн өргөн нэвтрүүлэг монгол орны 21 аймаг 381 сум сууринд хүрч үйлчилдэг. Ингэхдээ МҮОНРТ, МТШХХГ, ХХЗХ, РТС улсын төсөвт үйлдвэрийн газар гэсэн дөрвөн байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд хэрэглэгчдэд хүрдэг. Радио сонсголын талаарх хэлэлцүүлэг гурав дахь удаагаа болж байна. Бид өнөөдөр радио өргөн нэвтрүүлгээ олон түмэнд хүртээмжтэй, чанартай хүргэх талаар голчлон зөвлөлдлөө. Үр дүнтэй ч боллоо. Зөвлөлдсөн асуудлуудаа бичиг баримтын хүрээнд холбогдох газруудад хүргэхээр шийдвэрлээд тарлаа. Нөгөө талаас ойрын үед радиогийн бүхий л үйл ажиллагааг цогцоор нь тоон системд шилжүүлэх асуудал байна. 2015 оноос хөрөнгө оруулалт нь хийгдэж радиогийн бүхий л үйл ажиллагаа тоон системд шилжих талаарх хөтөлбөр арга хэмжээтэй бид сая танилцлаа. Ер нь бол радиогийн 80 жилийн ойг угтсан олон ажлын нэг нь техникийн шинэчлэл. Өнөөдрийн энэ уулзалт зөвлөлгөөн техникийн шинэчлэл болоод өргөн нэвтрүүлгийг хэрэглэгчдэд чанартай хүргэх асуудалд ихээхэн үр нөлөө үзүүлэх юм.

Радио, телевизийн сүлжээ УТҮГ-ын дарга Ч.Оюунбаатар: 2015 онд радиог тоон технологид шилжүүлэх шийдвэр гарсан...

-Өнөөдрийн хэлэлцүүлгийн ач холбогдол, үр дүнгийн талаар таны бодлыг сонсъё?

- Радио, телевизийн сүлжээ УТҮГ нь Монголын радио, телевизийн нэвтрүүлгийг улсынхаа засаг захиргааны бүх нэгж 381 сум сууринд хүргэхээр 610 ажилтанд цалин, түүнтэй адилтгах хэмжээний хөдөлмөрийн хөлсийг төлж нэг минутын тасалдал гаргахгүй ажиллаж байна. Хамгийн гол нь мэдээлэл контент үйлдвэрлэдэг, дамжуулдаг газрууд бид нарийн нягт харилцан ойлголцож, хамтран ажиллах зайлшгүй шаардлагын үүднээс өнөөдөр хэлэлцэх ширээнд суулаа. Бидний хамтын бүтээлийн үр дүнд хэрэглэгчид телевиз үзэж, радио сонсдог учраас зөвлөлдөх уулзалтыг ойр ойрхон хийж байх хэрэгтэй юм. Өнөөдөр ингээд зөвлөлдөхөд янз бүрийн бодит саатал гарахад харилцан мэдээлэл их дутагдаж байсан байна. Энэ өдрөөс эхэлж олон нийтийн радио, телевизийн хяналтын инженерүүд манай диспетчерүүдтэй тусгай журам боловсруулан ажиллах боллоо. Цаашлаад D Dish хиймэл дагуулаар дамжуулдаг компанитай гурвалсан гэрээ байгуулан ажиллах зайлшгүй шаардлага гарч байна. Өнөөдөр бид их амжилттай хэлэлцлээ. Мөн 2015 оноос радиог тоон технологид шилжүүлэх талаар ерөнхий шийдвэр гарсан. 2015 оны төсөвт суух юм бол шинэчлэл явагдана. Цаашид бид Монголын нийт хэрэглэгчдэдээ радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг цаг алдалгүй чанартай хүргэх болно.

Хуваалцах