Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Railbus" Толгойтоос Амгалан хүртэл 3000 төгрөгөөр үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран төмөр замын "RAILBUS" Амгалан-Толгойтын чиглэлд үйлчилгээнд явуулах үйл ажиллагааны нээлт өнөөдөр Улаанбаатар өртөөнд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
"Railbus" Толгойтоос Амгалан хүртэл 3000 төгрөгөөр үйлчилнэ
"Railbus" Толгойтоос Амгалан хүртэл 3000 төгрөгөөр үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран төмөр замын "RAILBUS" Амгалан-Толгойтын чиглэлд үйлчилгээнд явуулах үйл ажиллагааны нээлт өнөөдөр Улаанбаатар өртөөнд боллоо. Тус арга хэмжээнд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцов.

Нээлтийн арга хэмжээний үеэр "Улаанбаатар Төмөр Зам" Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулган:

- "Энэхүү галт тэрэг нь 125 сая ам.долларын төслийн хүрээнд орж ирсэн, явуулах замын хувьд ямар нэгэн саад байхгүй. Бид бүх асуудлуудаа шийдэж өгсөн. "Railbus" нь өнөөдөр энэхүү ёслолын арга хэмжээнд оролцоод маргааш өглөө 07:00 цагаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлнэ. Тарифийн хувьд Толгойт өртөөнөөс Таван шар хүртэл 500 төгрөг, Толгойт өртөөнөөс Хархорин хүртэл бол 1000 төгрөг, Толгойтоос Амгалан хүртэл бол 3000 төгрөгөөр явахаар болж байгаа. Тус галт тэргийг өдөрт гурван удаа явуулах төлөвлөгөөтэй байна. Цаашид зорчигчид их явахаар захиалга ихтэй байх юм бол явах маршрутыг нэмэгдүүлэх болно" гэсэн юм.

Нээлтийн ёслолын дараа УБТЗ-ын удирдах албаны хүмүүс, хүндэт зочид, хэвлэл мэдээллийнхнийг суулгасан “Railbus” Толгойт өртөөг зорилоо. Хүндэт зочдын дунд Монголын төмөр замын түүхэнд нэр нь бичигдсэн Хөдөлмөрийн баатар, хүндэт төмөр замчин буурлууд байлаа.

Тэдгээр эрхэм зочдоос сэтгэгдлийг нь сонссон юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Хүндэт төмөр замчин Ш.Түгж: Монголын төмөр зам өдгөөг хүртэл хийсэн ажил асар их байгаа. Өнөөдрийн энэ галт тэрэгний үйлчилгээг нээж байгаа явдал мөн л нэгэн их шинэчлэл явагдаж байгаа хэрэг гэж ойлгож болно. Ирээдүйд хос замаар цахилгаан гэлт тэрэг ард олонд үйлчилж эхлэхийн эхлэл боллоо. Монголын төмөр зам өдгөө Ази-Европийг холбосон том тээврийн газар болсон байна. Цаашдаа Монгол Улс далайд гарах боломжтой болох гэгээлэг ирээдүй бий гэдэгт итгэж байна.

Хүндэт төмөр замчин Д.Лхамсүрэн: Биднийг анх зам барьж байхад суудлын галт тэрэг гэдэг чинь модон вагон байлаа. Тавиад оны сүүлээр Германд үйлдвэрлэгдсэн суудлын вагонууд явах болсон. Тэгвэл одоо хот дотроо ийм сайхан тохилог унаагаар үйлчлэх болж. Юмны дэвшил гэдэг ийм л сайхан байгаа юм. Энэхүү вагоны анхны үйлчлүүлэгч, хүндэт зочин болж байгаадаа таатай байна... гэж байлаа.

Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах зориулалт бүхий "Railbus"-ийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх саналыг хотын дарга 2013 онд гаргаж “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагуудтай уулзаж байсан юм.

Энэхүү санал ажил хэрэг болж, ОХУ-ын “Трансмаш холдинг” компанид үйлдвэрлэгдсэн РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-аар нийслэлчүүд маргааш буюу бямба гарагийн өглөөнөөс эхлэн үйлчлүүлж эхэлнэ. “Railbus” нь 136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм.

Нэг удаагийн зорчилтоор Толгойтоос Амгалан хүрэх замд Таваншар, Барс-2 захын зүүн тал, Вокзал, Дундгол, Нарантуул, Амгалан гэсэн байршлуудад зогсоно.

Хуваалцах