Роберт Паттинсон найруулагч Кристофер Ноланд худал хэлж байжээ
“Tenet” киноны зураг авалтын талбайг түр орхих гэтэл хариуд нь Кристофер Нолан “Чи Бэтмэний дүрийн сонгон шалгаруулалт руу явах гэж байгаа биз дээ” хэлж байжээ
Мэдээллийн алба

"Memento(2001)", "Inception(2010)", "Interstellar(2014)" тэргүүтэй киног найруулсан Кристофер Ноланы ээлжит бүтээл “Tenet” бүтээл наймдугаар сарын 26-нд олон улсын нээлтээ хийхээр болсон. Тус бүтээлд Жон Дэвид Вашингтон, Роберт Паттинсон, Кеннет Брана, Элизабет Дебики, Аарон Жонсон, Майкл Кейн нар гол дүр бүтээсэн.
Мөн Холливудын алдарт жүжигчин Роберт Паттинсон найруулагч Матт Рийвэсийн бүтээж буй “харанхуйн хөлөг баатар”-ын тухай бүтээлд Бэтмэний дүрийг бүтээхээр болсон. Харин хамгийн сүүлд үзэгчдэд хүрсэн Бэтмэний тухай дэлгэцийн бүтээл болох "Dark knight" гурвалыг Кристофер Нолан найруулсан байдаг.
Тэгвэл Роберт Паттинсон "Tenet" кинонд тоглож байхдаа найруулагч Кристофер Ноланд худлаа хэлж байжээ. Алдарт найруулагч Нолан хийж буй кинотойгоо холбоотой ихэнх зүйлийг кино багийнхандаа ч хэлдэггүй. Энэ нь түүний найруулгын арга барилын нэг хэсэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Үүнтэй холбоотой Роберт Паттинсон Бэтмэний дүрийн сонгон шалгаруулалтад орох болсноо Ноланд мэдэгдээгүй аж. Тэрбээр бүр сонгон шалгаруулалтад орохын тулд гэр бүлтэй холбоотой яаралтай асуудал гарлаа гэж хэлээд “Tenet” киноны зураг авалтын талбайг түр орхих гэтэл хариуд нь Кристофер Нолан “Чи Бэтмэний дүрийн сонгон шалгаруулалт руу явах гэж байгаа биз дээ” хэлж байжээ.



















