“Робокон” тэмцээний үндэсний ялагчаар “Соронзон хүү” баг тодорлоо
МҮОНТ Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ хамтран 12 дахь жилдээ “Робокон” тэмцээнийг зохион байгууллаа. Ази номхон далайн бүсийн орнуудын соёл уламжлалыг таниулан сурталчлах, оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой оюун ухааны өрсөлдөөний их талбар болс
Мэдээллийн алба

МҮОНТ Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ хамтран 12 дахь жилдээ “Робокон” тэмцээнийг зохион байгууллаа.
Ази номхон далайн бүсийн орнуудын соёл уламжлалыг таниулан сурталчлах, оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой оюун ухааны өрсөлдөөний их талбар болсон “Робокон-2013” олон улсын роботын тэмцээн ирэх намар Вьетнам улсад болно. “Ногоон дэлхийгээ аварцгаая” уриатай олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх багийг шалгаруулах “Үндэсний роботын тэмцээн”-ийг МҮОНТ, Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтран дөрөвдүгээр сарын 25-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа.
Үндэсний роботын тэмцээнд оролцогч багууд эх дэлхий болон саран дээр ургамлын үр суулгах даалгаврыг гүйцэтгэх гар болон автомат удирдлагатай 2 робот бүтээж өрсөлдлөө. Үндэсний роботын тэмцээнд техник технологийн мэргэжлээр суралцдаг их дээд сургуулийн оюутан залуусын 16 баг оролцож өөрсдийн оюун ухаан, хүч хөдөлмөрөөрөө бүтээсэн роботуудаа өрсөлдүүллээ. Тэмцээний сүүлийн шатанд КТМС-ийн “Соронзон хүү” баг өрсөлдөгч болох МУИС-ийн харьяа Мэдээллийн Технологийн Сургуулийн “Unitel-1” багийг цэвэр хожсоноор ялагч болсон бол Шилдэг гар удирдлагатай роботтой багаар МУИС-ийн харьяа Мэдээллийн Технологийн Сургуулийн “Unitel-1”, Шилдэг дизайнтай багаар ШУТИС-ийн харьяа МИС-ийн “Танан-1”, Шилдэг техникийн шийдэлтэй багаар ШУТИС-ийн харьяа Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “Telecom Mongolia”, Шилдэг хөгжөөн дэмжигчтэй багаар Батлан Хамгаалахын Их сургуулийн “Wall-E” тус тус шилдгүүдийг шалгарууллаа.


















