Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Бямбацогт: УИХ-ын гишүүдийг жагсаалтаар биш ард түмнээсээ шууд сонгохыг дэмжинэ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж хүлээн авахаар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
С.Бямбацогт: УИХ-ын гишүүдийг жагсаалтаар биш ард түмнээсээ шууд сонгохыг дэмжинэ
С.Бямбацогт: УИХ-ын гишүүдийг жагсаалтаар биш ард түмнээсээ шууд сонгохыг дэмжинэ. Зураг: МҮОНРТ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж хүлээн авахаар болжээ. Энэ асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар мэдээлэл хийлээ. Мөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах шалтгаан болох ёсгүй гэсэн байр суурьтайгаа илэрхийлэв.

Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Манай бүлэг УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр гарсан Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь МАН хүнээ шууд сонгодог байх ёстой, жагсаалтын ард нуугдах нь буруу гэсэн байр суурь баримталдаг байсан. Үүний дагуу хүнээ сонгох нь зөв үү, намын жагсаалтаар сонгох нь зөв үү гэсэн санал асуулгыг Ард нийтийн санал асуулгын хуулийн хүрээнд явуулах санаачилгыг жилийн өмнө өргөн барьж байсан. "УИХ-ын сонгууль пропорциональ тогтолцоогоор явах нь улс төрийн намуудын төлөвшилд чухал", "76 жалга довны гишүүн гарч ирэх нь буруу "гэдэг байр сууьтай байсан АН өнөөдөр хэлсэн ярьснаасаа буцаж байгаад харамсаж байна. Гэхдээ МАН байр суурин дээрээ байдаг гэдгээ нотолж Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг дэмжиж байгаа. Томсгосон мажоритори байх уу, жижиг 76 байх уу гэдэг дээр асуудал яригдана. Жагсаалтын 28-ыг 26 тойрогт хуваах асуудлыг тодорхой ярих ёстой. Сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж гэсэн гурван хүчин зүйлийг харгалзах Үндсэн хуулийн заалтыг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл, хөдөөгийн 20 тойрогт нэг нэгээр, үлдсэн найман мандатыг нийслэлийн дүүргүүдэд хуваарилах нь зүйтэй. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр хоёр мандат, бусад дүүрэгт нэг мандат хуваарилах нь шударга гэж үзэж байна"гэлээ.

Үүнээс гадна бүлгийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл хэрхэн хэрэгжсэн талаар хэлэлцжээ. 2015 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд таван бодлого, 24 зорилт, 91 арга хэмжээ тусгасан байна. Энэхүү үндсэн чиглэлд туссан зорилт, арга хэмжээний тоо сүүлийн дөрвөн жилд дараалан буурсаар 2011 оныхтой харьцуулахад хоёр дахин багасчээ. Тухайлбал, 2011 онд 190 арга хэмжээ тусгагдаж байсан аж. Засгийн газар 2015 оны үндсэн чиглэлийн биелэлтийг 76.1 хувьтай гэж үнэлсэн бол Үндэсний аудитын газар 70 хувьтай гэж дүгнэжээ. Харин үндсэн чиглэлтийн биелэлтийг МАН бүлэг хангалтгүй гэж дүгнэсэн гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ "Үндсэн чиглэл 70 гаруй хувийн биелэлттэй гэж байгаа ч Засгийн газар ам ажлын зөрүү ихтэй ажиллаж байна. Үүнийг ард иргэдийн амьдрал нотолж байна. Ер нь үндсэн чиглэлийн биелэлтийг цаасан дээрх тоогоор биш улс орон, ард түмний амьдралын бодит байдлаар хэмжих ёстой" гэв. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн бүтэц, агуулгад зарчмын өөрчлөлт ороогүй, төлөвлөлт, судалгаа, тооцооллын үндэслэлийг сайжруулах талаар өмнөх жилүүдтэй харьцуулахад ахиц ажиглагдаагүй, зарим арга хэмжээний төсвийн эх үүсвэрийг буруу тооцсон зэрэг нь холбогдох байгууллагуудын хяналт сул байгаатай холбоотой гэж Үндэсний аудитын газар дүгнэсэн байна.

Хуваалцах