С.Эрдэнэ байнгын хороонд өргөдөл гаргасан байжээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр компанийн удирдлагуудаа эсэргүүцэж өөрийгөө шатаахыг завдсан.
Мэдээллийн алба

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр компанийн удирдлагуудаа эсэргүүцэж өөрийгөө шатаахыг завдсан. Тэрбээр энэ сарын есний өдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд "Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагуудтай холбоотой өргөдөл гаргасан байна.
Уг өргөдөлд “Компанийн удирдлагууд компанийн эдийн засгийн байдлыг сайжруулах нэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3, 40.5 дахь заалтуудыг ноцтой зөрчин 206 мэргэшсэн ажилтнаа халсан. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь ноцтой зөрчин, бусдад худалдсан хэмээн үзэж байна. Австралийн нэр бүхий компани, БНХАУ-ын харьяа компани болсныг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны итгэлцэлийн гэрээг Монгол Улсын газар нутаг дээр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ болгон өөрчлөх эрх зүйн чадамжгүй, хүчингүй гэрээ хэмээн тооцож байна” хэмээн бичсэн болохыг уншиж танилцуулав. Мөн уг гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг дурдаад, Засгийн газраас ажлын хэсэг байгуулан шалгуулах хүсэлтээ илэрхийлжээ.
Энэ талаар өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Байнгын хорооны дарга О.Баасанхүү энэ үеэр “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-т заасны дагуу Өргөдлийн байнгын хороо иргэн С.Эрдэнээс ирүүлсэн өргөдлийг холбогдох хууль, журмын хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байгаа” гэсэн юм.


















