С.Эрдэнэчимэг: Хан-Уул дүүргийн захын хороололд цэцэрлэгт хамрагдалт 90 хувьтай байна
Цэцэрлэг, сургуулийн бүртгэл энэ сарын 22-ноос эхэлсэн. Бүртгэлийн ажлын явц, шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
Мэдээллийн алба

Цэцэрлэг, сургуулийн бүртгэл энэ сарын 22-ноос эхэлсэн. Бүртгэлийн ажлын явц, шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Сургууль, цэцэрлэгийн бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан бүртгэлийн үйл явцын талаар мэдээлэл өгөөч?
-Сургууль, цэцэрлэгийн элсэлтийн ажил энэ сарын 22-ноос эхлээд явж байна. Сургуулиудын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан. Манай дүүргийн Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургууль нь хамран сургах тойргийн хүүхдийг хамруулахаас гадна нэмэлт элсэлт зохион байгуулдаг. "Буянт-Ухаа-2” хороолол хүүхдүүдийг 118 дугаар сургууль дээр бүртгэж байгаа. Харин бусад хүүхдүүд маань хамран сургах тойргийн сургууль дээрээ очоод шууд бүртгүүлнэ.
-Цэцэрлэгүүдийн хувьд элсэлт хэрхэн явагдаж байна вэ. Шинээр хэд хэдэн цэцэрлэг ашиглалтад орно гэж байсан?
-Бид цэцэрлэгүүдэд элсэлтийн зөвлөмж, үүрэг даалгавраа өгсөн. Энэ жилийн хувьд 16 дугаар хорооны 243 дугаар цэцэрлэг 9 дүгээр сард багтаан албан ёсны нээлтээ хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн "Буянт-Ухаа-2" хорооллын цэцэрлэгийг ашиглалтад оруулах талаар БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газарт саналаа хүргүүлсэн.
Үүнээс гадна 35 дугаар цэцэрлэгийг буулгаад дахин барьж байна. Тус цэцэрлэг ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно. Ийм учраас бид 35 дугаар цэцэрлэгийнхээ элсэлтийг авч эхэлсэн. Эцэг, эхчүүд маань хүүхдүүдээ одоо бүртгүүлчихээд цэцэрлэг ашиглалтад орохоор өгнө гэсэн үг юм.
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон 46 дугаар цэцэрлэгийг нураахад бэлэн болсон. 2016 онд манай дүүрэгт 218, 219, 223, 230 дугаар цэцэрлэг шинээр баригдаж, 27 дугаар цэцэрлэг нураагдаад 280 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон.
-Танай дүүрэгт цэцэрлэгийн насны нийт хэдэн хүүхэд байдаг вэ. Эдгээр хүүхдийн хэдэн хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаж байна?
-Манай Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн насны 16000 орчим хүүхэд байна. Эдгээрийн 50 хувийг төрийн өмчийн 26 цэцэрлэгтээ хамруулдаг. 20-30 хувийг нь төрийн бус өмчийн 78 цэцэрлэгт хамруулж байна. Манай дүүрэгт одоогийн байдлаар төрийн бус цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд нөөц боломжоо ашиглан 4 бүлэг шинээр нээж ажиллуулахаар зорьж байна. Дүүргийн захын гэх тодотголтой Морин, Өлзийт, Биокомбинат, Шувуун фабрикийн хорооны сургууль, цэцэрлэгт хамрагдалт 80-100 хувьтай байна.
-35 дугаар цэцэрлэгийг нурааж шинээр барьж байгаа гэсэн. Хүүхдүүд тав тухтай, эрүүл орчинд хүмүүжих нөхцөл бүрдсэн гэж хэлж болох уу?
-Тийм ээ. Өмнө нь манай 35 дугаар цэцэрлэг 3 бүлэгтэйгээр хоёр давхар байрны нэг давхарт сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. Хоёр давхарт нь ХААИС-ийн багш нар амьдардаг байсан. Цэцэрлэгийн хувьд өмнө нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, байнга мөөгөнцөртдөг байсан учраас нураах болсон. Харин одоо 10 бүлэгтэй 240 хүүхдийн ортой цэцэрлэг баригдаж байна.
-Мөн тулгамддаг нэг асуудал бол яахын аргагүй сургуулийн ачаалал байдаг. Хан-Уул дүүргийн хувьд энэ жил гурав, дөрвөн ээлжээр хичээллэх сургууль байгаа юу. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Одоогийн байдлаар манай дүүрэгт 3180 хүүхэд шинээр элсэнэ гэсэн судалгаа гарсан. Манай дүүргийн хувьд ихэнх сургууль хоёр ээлжээр хичээллэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн учраас зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэх болоод байна. Үүнд дүүргийн 32, 115, 52, "Буянт-Ухаа" цогцолбор сургуулиуд гурван ээлжээр хичээллэх магадлалтай байна.
-Цэцэрлэг, сургуулийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэр хангасан бэ?
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхнээс нь хангаад явж байна. Олон жил үйл ажиллагаа явуулсан сургууль, цэцэрлэгийн сантехник шугам нь элэгдэж, цахилгааны шугам гэмтэх, дээврээс ус гоожиж сургалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Иймд шаардлагатай засвар үйлчилгээ хийх төсвийг гаргуулан эрэмбэлж, БСШУСЯ, НБГ, дүүрэгт албан ёсоор хандсан байгаа. Энэ ажилд зориулан тодорхой хэмжээний санхүүжилт орж ирэх байх.
-Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс жил бүр мэргэжлийн багш нарын зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Энэ ажлыг хийх нь ямар үр дүнтэй вэ?
-Бид жил бүр бүх мэргэжлийн багш нарыг хамарсан зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Тус зөвлөгөөнийг зохион байгуулснаар багш нар тухайн жилдээ ямар зорилт, зорилтуудыг дэвшүүлэн хэрхэн ажиллах талаараа ярилцаж, хичээлийн жилийн төлөвлөгөөгөө гаргадаг юм. 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол, суурь, бага ангийн хөтөлбөрүүд үргэлжлүүлэн хэрэгжинэ. Энэ жил үндэсний хэмжээнд 10 дугаар ангийн сурагчдын дунд шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлнэ. Ахлах ангийн хөтөлбөрт өөрчлөлт орсон байгаа.
-Ямар өөрчлөлт орсон юм бол?
- Сурагчдад сонголт хийх өргөн боломжтойгоор боловсруулсан.
Эх сурвалж: кhanuul.mn


















