С.Тэмүүлэн: Бид ахмадуудаа тал бүрээр дэмжиж ажиллахыг эрмэлздэг
Өнөөдөр МАХН-ын дэргэдэх Ардчилал Шударга Ёс Монголын Залуучуудын холбоо/АШЁМЗХ/-ноос ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.
Мэдээллийн алба

Өнөөдөр МАХН-ын дэргэдэх Ардчилал Шударга Ёс Монголын Залуучуудын холбоо/АШЁМЗХ/-ноос ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Нийслэлийн есөн дүүргийн 100 гаруй ахмадууд эл хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирэв. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн өндөр настан Д.Батчулуунд тус холбооноос өргөө цагаан гэр бэлэглэж сар шинийн бэлэг барилаа. АШЁМЗХ нь энэ жил нийтдээ хоёр гэрийг намынхаа ахмад настнуудад өгсний нэг нь энэ аж. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тус арга хэмжээнд оролцож, нийт ахмадуудад хүндэтгэл үзүүлж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Энэ үеэр тус холбооны Нарийн бичгийн дарга С.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-АШЁМЗХ-ноос ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Хичнээн дүүргээс, хэдэн ахмадууд оролцсон бэ?
-Нийслэлийн есөн дүүргийн 100 гаруй ахмадууд манай өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Бид ахмадуудаа хүлээн авах, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээгээ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Манай холбоо жил ирэх тусам үйл ажиллагаагаа өргөжүүлж, нийгэм рүү чиглэсэн илүү олон ажил зохион байгуулахыг хичээж байна.
-Танай холбоо ахмадуудад чиглэсэн ажил нэлээд хийдэг юм шиг харагддаг. Тэдэнд тусламж дэмжлэг байнга үзүүлдэг үү?
-Ахмад үеийнхэн маань бидний өнөөдрийг бэлэглэсэн хүмүүс шүү дээ. Тэд эх орныхоо төлөө залуу насандаа ихийг хийж бүтээсэн. Тэр утгаараа бид ахмад үеийнхэнийхээ ачийг хариулж, эргээд тэдэндээ тус дэм болох учиртай. Сая болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Сүхбаатар дүүргийн өндөр настан Д.Батчулуунд холбооныхоо зүгээс өргөө цагаан гэр бэлэглэлээ. Өнгөрсөн Ахмадын өдрөөр мөн иж бүрэн гэрийг Хан-Уул дүүргийн өндөр настан Ж.Ирад бэлэглэсэн. Манай холбоо зөвхөн бэлэг гардуулахаас гадна ахмадуудын тулгамдсан асуудлууд дээр дэмжлэг үзүүлж ажиллахыг хичээж байна.
-Танай холбоо нийгэм рүү чиглэсэн өөр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх ёстой хүмүүс нь мэдээж залуучууд. Тиймээс манай холбоо нийгэм рүү чиглэсэн олон ажил хийж байна. Цаашид ч хийж хэрэгжүүлэх олон ажил төлөвлөөд байна. Хамгийн сүүлд төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсныг цагаатгах тал дээр санаачилга гаргаж, Ерөнхийлөгч болон УИХ, Засгийн газрын тэргүүнд уриалга хүргүүлсэн. Монгол төрийн алтан жолоог 44 жил барьж удирдсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал хэмээх агуу хүн 20-р зууны Монгол Улсын хөгжлийн гол суурийг тавихад ухамсарт амьдралаа бүхэлд нь зориулсан. Тиймээс тэр хүний цагаатгах нь зүйн хэрэг.
- АШЁМЗХ орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уу. Орон нутагт хэдэн салбар хороодтой үйл ажиллагаа явуулж байна вэ?
- АШЁМЗХ нь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт салбар хороодтой Монгол Улсын томоохон залуучуудын байгууллагын нэг болоод байна. Манай холбооны гишүүн залуучууд аймаг, орон нутагт ихээхэн санаачилга гарган ажиллаж байгаа. Хөдөөгийн залуучуудад тулгамдаад байгаа асуудал болон хийж хэрэгжүүлэхийг хичээж төлөвлөж байгаа үйл ажиллагаанд нь холбооны зүгээс дэмжлэг үзүүлж анхаарч ажиллахыг зорьдог.
АШЁМЗХ нь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт салбар хороодтой Монгол Улсын томоохон залуучуудын байгууллагын нэг. Сар шинийн босгон дээр тус холбооны салбар байгууллагууд өөрийн харъяа аймаг, дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх аж.


















