Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сайд нарын нэрийг өнөөдөр өргөн барьж магадгүй

Өнгөрөгч наймдугаар сарын 6-ны өдөр МАН-ын зургаан сайд Засгийн газраас огцорсноос хойш нэг сар өнгөрч байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд нарын нэрийг өнөөдөр өргөн барьж магадгүй
Сайд нарын нэрийг өнөөдөр өргөн барьж магадгүй. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч наймдугаар сарын 6-ны өдөр МАН-ын зургаан сайд Засгийн газраас огцорсноос хойш нэг сар өнгөрч байна. Бүтэн сарын хугацаанд тал бүрэлдэхүүнтэй ажилласан Засгийн газрын шинэ гишүүдийг өнөөдөр өргөн барьж магадгүй гэх мэдээллийг албан бус эх сурвалжууд өглөө.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өмнө нь УИХ дахь намын бүлгүүдтэй тохиролцож чадахгүй байгаа учраас ирэх 10 дугаар сард буюу намрын чуулган эхлэхээр сайд нараа өргөн барина хэмээн мэдэгдэж байсан. Харин УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газрын тухай хуульд заасан “өмнөх сайд нар огцорсон тохиолдолд 30 хоногийн дотор дараагийн сайд нарыг нөхөн томилно” гэсэн заалтыг мөрдөж ажиллахыг Ерөнхий сайдад сануулсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тухай хуулийн дагуу энэ сарын 6-ны дотор сайд нарын нэрийг өргөн барих ёстой юм. Харин 6-ны өдөр амралтын өдөр таарч байгаа учир сайд нарын нэрийг өнөөдөр өргөн барина гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна.

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг Барилга хот байгуулалт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд болон Шадар сайдын эрхийг авсан. Харин өчигдөр тус бүлгээс Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар болон З.Баянсэлэнгэ нарыг дээрх яамдад томилохоор тохирсон талаар албан бус эх сурвалж мэдээллээ. Харин АН-ын бүлгээс Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр, Г.Баярсайхан нарыг сайдад нэр дэвшүүлэх болсон талаар ярьж байгаа юм.

Хуваалцах