“Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжиж байна
Орон сууцны зээл олон жил төлөхгүйгээр инженерийн шугам сүлжээгээ шийдээд өөрсдөө байшин бариад амьдрах боломж нийслэлийн иргэдэд байна.
Мэдээллийн алба

Орон сууцны зээл олон жил төлөхгүйгээр инженерийн шугам сүлжээгээ шийдээд өөрсдөө байшин бариад амьдрах боломж нийслэлийн иргэдэд байна. Өчигдөр Засгийн газраас “Сайн хашаа” хөтөлбөрийг баталж, эрчим хүч, шугам сүлжээ гэх мэт тодорхой чиглэлд дэмжлэг үзүүлж, зээл олгохоор болсон.
Өндөр үнэтэй орон сууцны зээл хөөцөлдөж биш өөрт байгаа боломжоо ашиглаад мөрөөдлийн байшингаа барьж эхэлсэн залуусын нэг бол Г.Дарханбаяр. Зураач мэргэжилтэй эхнэртээ амласан ёсоор урлан хүртэл байгуулж, тэд жинхэнэ мөрөөдлийн байшингаа барьжээ. Тэрбээр тус байшингаа барихдаа ийм хэмжээний орон сууц худалдаж авснаас бага зардал гаргасан гэдгээ хэлсэн юм.
Хотын төвд биш ч Г.Дарханбаярынх шиг амины байшингаа бариад амьдрах хүсэлтэй залуусыг дэмжихээр тусгай хөтөлбөрийг Засгийн газраас өчигдөр баталсан гэж болно. Хамрагдах хүсэлтэй иргэд, айл өрхөд 10 хүртэлх сая төгрөгийн зээл олгох бөгөөд зээлийн хугацааг таван жил байхаар тусгажээ. Түүнчлэн иргэдэд олгосон зээлийн 50 хувийг төсөвт тусгах замаар улсын болон орон нутгийн төсвөөс хариуцаж төлөх юм байна.


















