Салбартаа үр бүтээлтэй ажилласан төгсөгчдийг шагналаа
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 1989 оны төгсөгчид 30 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 1989 оны төгсөгчид 30 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тэд 30 жилийн өмнө 10 а,б,в бүлгийг 103-уулаа төгсөж байжээ. Өнөөдөр тэд 58-уулаа цугларсан байна. Тус төгсөлтийнхний онцлог нь нийслэлийн хөгжлийн төлөө гар бие оролцож, салбар салбартаа үр бүтээлтэй ажиллаж буй учраас нийслэлийн ИТХ-ын дарга Р. Дагва хүлээн авч, шагнаж урамшуулсан юм.

Тухайлбал, эрчим хүч, нийтийн тээвэр, эрүүл мэнд, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж буй 14 төгсөгч нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хүндэт тэмдэг, Хүндэт өргөмжлөл, Хүндэт үнэмлэх болон нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаав.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва төгсөгчдөд шагнал гардуулахдаа хэлсэн үгэндээ, “Та бүхэндээ анд нөхдийн үерхлийн 40 жилийн ойн баярын мэнд хүргэе. Сурагч насаа үдсэн 10 жил бол үерхлийн хамгийн нандин үе учраас 40 жил хэмээн хэлж байгаа юм шүү. Хүний амьдралд 30 жил урт хугацаа боловч, анд нөхдийн хувьд бие биенийхээ хөгжилтэй, дурсамжтай явдлыг өчигдөр мэт санах үед харвасан сум шиг богинохон цаг хугацаа өнгөрсөн мэт санагдаж байгаа биз ээ. Та бүхэн энэ хугацаанд улс, эх орон, гэр бүл, үр хүүхэд, бусдын сайн сайхан амьдралын төлөө ихийг бүтээсэн намтар, түүхтэй иргэн хүн болж төлөвшжээ. Тэртээ 30 жилийн өмнөх найз нөхдүүд эргэн олуулаа цугларна гэдэг бодол, сэтгэл, явдал гурав төгс цогцлон, нэгдэж чадсаных юм. Хамгийн чухал нь нийслэлийн хөгжлийн хамгийн халуун цэгт хөдөлмөрлөж, анги хамт олныхоо бахархал болж буй найзуудаар тань бахархаж байна. Эрхэм төгсөгчид Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Монгол Улсын эрчим хүчний салбарт олон жил ажиллаж буй инженер Д.Лхагвадорж, Автобус нэгдлийн захирал П.Ган-Очир нарын төгсөгчдийн нийслэлийн Хүндэт тэмдэгээр, Н.Эрдэнэбат, Н.Амгаланбаатар нарын төгсөгчдийг нийслэлийн хүндэт өргөмжлөлөр, эрүүл мэндийн салбарт 24 жил ажилласан Ц.Оюунцэцэг, сувилагчаар 20 жил ажиллаж буй С.Уранцэцэг, эрчим хүчний салбарт 24 жил ажилласан П.Бямбабаатар нарын нэр бүхий төгсөгчдийг нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


















