Самар түүх зөвшөөрлийг дүүргээсээ авна
Тодруулбал, иргэд самрыг ирэх аравдугаар сарын 15-аас хойш түүх бөгөөд ингэхдээ нэг иргэн хэрэглээндээ 25 кг цайруулсан самар түүх юм байна.
Мэдээллийн алба

Жил болгон өдийд гудамж, талбай гээд хаа сайгүй хуш модны самар буюу түүхий боргоцойг иргэд гар дээрээсээ худалдаалж эхэлсэн байдаг. Гэтэл энэ цаг үед самрын болц бүрэн болоогүй түүхий буюу дөнгөж ургаж байдаг аж. Тиймээс БОНХЯ-наас хуш модны самар түүх хугацааны талаар шинэ журам баталж өгчээ. Тодруулбал, иргэд самрыг ирэх аравдугаар сарын 15-наас хойш түүх бөгөөд ингэхдээ нэг иргэн хэрэглээндээ 25 кг цайруулсан самар түүх юм байна. Мөн самар түүх зөвшөөрлийн хуудсыг харьяа дүүргээсээ авах ажээ. Харин үйлдвэрлэлийн журмаар самрыг олборлох бол их ургацтай тодорхой бүсэд зөвшөөрөл олгох юм байна.
Учир нь аравдугаар сард самрын болц бүрэн болдгоос гадна ойн түймэр гарахаас сэргийлж ийнхүү дээрх хугацааг тогтоосон гэнэ. Албаныханы ярьж буйгаар иргэд самар, жимс түүх үедээ санамсар болгоомжгүйгээсээ гал алдаж, түймэр тавьдаг аж.
Манай улсын хувьд самрыг гадагш экспортлохийг зөвшөөрдөг. Ингэхдээ хуулийн дагуу боловсруулалт хийсэн байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байна. Хэрэв самрыг журамд заасан хугацаанаас өмнө түүвэл байгаль орчны тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах юм.
Дашрамд өгүүлэхэд самрыг боловсорч гүйцэхээс нь өмнө түүх нь хуш модонд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тодруулбал, түүхий болц нь гүйцээгүй боргоцой нь мөчрөөс салж унахад бэрхшээлтэй, түүхийн тулд модны гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг хугалж байж авдаг нь хуш модны гол иш, титмийг гэмтээдэг байна. Мөн гүйцэд болоогүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй юм.


















