Санхүүгийн зохицуулах хороо “AFI”-ийн бүх ажлын хэсэгт орж ажиллана
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн Фижи Арлуудын Бүгд Найрамдах улсад зохион байгуулагдсан Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /The Alliance for Financial Inclusion; AFI/-ийн Дэлхийн бодлогын чуулга уулзалтад оролцлоо.
Мэдээллийн алба

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн Фижи Арлуудын Бүгд Найрамдах улсад зохион байгуулагдсан Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /The Alliance for Financial Inclusion; AFI/-ийн Дэлхийн бодлогын чуулга уулзалтад оролцлоо. Чуулга уулзалт энэ сарын 6-9-нийг дуустал үргэлжилж, санхүүгийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх, хүн амын орлого багатай, ядуу буурай хэсэгт санхүүгийн үйлчилгээг хүргэх талаар явуулж байгаа гишүүн орнууд, байгууллагуудын туршлага, өнөөгийн байдал, бодлого, арга зам, тулгамдсан асуудал зэргээр өргөн хүрээнд хэлэлцсэн байна.
Өнөөдрийн байдлаар “AFI”-т дэлхийн хөгжиж буй 95 орны 119 байгууллага гишүүнчлэгдээд байгаа бол манай улсаас СЗХ, Монголбанк гишүүнээр элсэн, хүн амд санхүүгийн үйлчилгээг ойртуулах болон хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого, зорилтыг тодорхойлон, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна.
Чуулганы эхний өдөр нийгэмлэгийн ажлын хэсгүүд болон бүс нутгийн санаачилгын уулзалтууд, мөн хоёр талын болон ерөнхий уулзалт, ярилцлагууд боллоо. Энэ үеэр СЗХ-ны дарга С.Даваасүрэн AFI-ийн Гүйцэтгэх захирал ноён Алфред Ханнигтай ганцаарчлан уулзжээ.
Ноён Алфред Ханниг уулзалтын эхэнд С.Даваасүрэнд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсонд баяр хүргээд ажлын дадлага туршлагыг нь үнэлж буйгаа илэрхийлсэн юм. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, “Монгол Улсад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд гадаадын туршлага хамтын ажиллагаа чухал. Иймд гадаад харилцааны тал дээр анхааран ажиллаж байна. Манай улс Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн хоёр ажлын хэсэгт гишүүнээр оролцдог. Цаашид зургаан ажлын хэсэгт бүгдэд нь оролцож, мэргэжилтнүүдээ томилон ажлуулах хүсэлтэй байна” гэлээ. Ноён Алфред Ханниг энэ саналыг хүлээн авч буйгаа илэрхийлээд, шинээр байгуулагдах ажлын хэсэгт ч нэрээ дэвшүүлэхийг санал болголоо.
Дэлхийн ядуу буурай хүн амд санхүүгийн үйлчилгээг хүргэх, хүртээхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг, бодлого боловсруулагчдад зориулсан сургалтын даяарчлагдсан платформыг хэрэгжүүлэгч дэлхийн сүлжээ байгууллага болох AFI нь
-“Хэрэглэгчийн эрх ба зах зээлийн оролцоо”,
-“Санхүүгийн хүртээмжийн стратеги”,
-“Санхүүгийн хүртээмжийн мэдээллийн сан”,
-“Олон улсын стандартыг ижил тэнцүү нэвтрүүлэх нь”,
-“Санхүүгийн цахим үйлчилгээ”,
-“Жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт” гэсэн зургаан ажлын хэсэгтэй.
Өнгөрөгч тавдугаар сард Жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт ажлын хэсгийн салбар хуралдаан манай улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдсан билээ.


















