Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сансрын тоног төхөөрөмж үйлдвэрлэлд хувьсгал хийлээ

Сансрын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч АНУ-ын Спейс-Икс компани анхны тээвэрлэгч пуужинг амжилттай хөөргөжээ. Фалкон есөн загварын пуужин дэлхийн тойрог замд холбооны зориулалттай

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сансрын тоног төхөөрөмж үйлдвэрлэлд хувьсгал хийлээ
Сансрын тоног төхөөрөмж үйлдвэрлэлд хувьсгал хийлээ. Зураг: МҮОНРТ

Сансрын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч АНУ-ын Спейс-Икс компани анхны тээвэрлэгч пуужинг амжилттай хөөргөжээ. Фалкон есөн загварын пуужин дэлхийн тойрог замд холбооны зориулалттай 11 жижиг хиймэл дагуул хүргэснийхээ дараа эх дэлхийдээ эргэн ямар ч эвдрэлгүйгээр, амжилттай газардсан байна. Энэ нь сансар судлалын ирээдүйд хувьсгал авчирсан үйл явдал гэж мэргэжилтнүүд дүгнэлээ.

Өмнө нь тээвэрлэгч пуужин зөвхөн нэг удаа хэрэглэгдэх зориулалттай, өртөг өндөртэй төхөөрөмж байсан. Харин тээвэрлэгч пуужинг удирдлагатай болгон, дэлхийд эргэн бүрэн бүтэн газардах, цаашид олон дахин ашиглах боломжийг нээснээр зөвхөн сансарын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд бус, хүн төрөлхтний ирээдүйн амьдралд эрс өөрчлөлт хийх боломж бололцоо нээгдэж байна. Тодруулбал тээвэрлэгч пуужинг нисэх онгоц шиг ашиглах, үүгээр хүн тээвэрлэх боломж бүрдлээ гэсэн үг юм. Өнгөрсөн зун энэ тээвэрлэгч пуужинг хөөргөх анхны оролдлого бүтэлгүйтэж байсан.

Харин энэ удаад Спейс-Икс компанийн ажилчид төв байрандаа цуглан, пуужин хөөрч дэлхийн тойрог замд ороод, эргэн хөөрсөн яг тэр цэгтээ амжилттай газардахыг сэтгэл догдлон үзсэн байна. Цаашид дэлхийн тойрог замд хиймэл дагуулаа байршуулах гэсэн газрууд Спейс-Икс руу хошуурах болов уу гэж ажиглагчид хэлж байна. Тус компанийн энэ үйлчилгээ 60-70 сая америк долларын өртөгтэй байгаа нь бусад компанийхтай харьцуулахад даруй хоёр дахин хямд үнэ юм.

Хуваалцах