Сар шинийн мэндчилгээ
Та бүхэндээ сар шинийн мэндийг дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөн мэндчилье.
Мэдээллийн алба

Та бүхэндээ сар шинийн мэндийг дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөн мэндчилье.
Хөдөлмөр бүтээлийг ундраах хаврын тэргүүн сар дэлгэр Монгол оронд минь айлчлан ирлээ. Цагаан сар бол залуучууд бидний хувьд Монголоороо бахархах, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс уламжлал зан заншил ахмад буурлаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх, ирээдүй хойч үедээ үлгэр жишээ байх эртний уламжлалт хайр түгээдэг баяр билээ.
Модон морин жилийг амжилт бүтээлээр дүүрэн үдэж зорилготой, мөрөөдөлтэй, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй олон мянган залуучуудынхаа төлөө шинэ бодлого, шинэ санаачлага дэвшүүлэн “ЗАЛУУСАА НЭГДЬЕ” уриан дор аймаг, дүүрэг, сум орон нутаг дахь залуусынхаа идэвх оролцоог нэмэгдүүлэн хамтран ажиллаж бодит үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлснээр Монголын залуучууд нэгдэж, бүтээж чаддаг гэдгээ харууллаа.
Модон хонь жилийг Монголын Залуучуудын Холбоо залуусаа “Бүтээе” уриан дор өртөөлүүлэн, залуу хүн бүр хариуцлагатай, хошуучлагч, баян залуу байхын төлөө гэсэн дэд хөтөлбөр дэвшүүлэн, сар бүрийг өөрийн нэршил уриалгатай болгон давлагаалуулж байгаа юм.
Олон Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлэн шинэ түвшинд гаргаж чадлаа. Үүний тод жишээ нь Дэлхийн Залуучуудын Ассамблейн 65 жилийн түүхэнд анх удаа Монгол хүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож Монголын Залуучуудын Холбоо улс орноо Олон Улсад төлөөлөх чадвартай нөлөө бүхий байгууллага болохыг илтгэсэн юм. Залуучууд бидний хамтын амжилтаар МЗХ-ны нэр дэлхийд тодрон гарч, үүрэг хүлээх дэлхийн хэмжээний байгууллага болон тодорлоо. Модон хонь жилд “Азийн Залуучуудын чуулган”-ыг Монгол Улсад анх удаа зохион байгуулах хүндтэй бөгөөд нэр төртэй эрхийг авч чадсан явдал юм.
Энэ дашрамд бидний үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилласан төрийн болон төрийн бус, Олон Улсын байгууллагууд, бизнес эрхлэгчид, аймаг орон нутгийн удирдлагууд, залуучууд та бүхэндээ МЗХ-ны хамт олон болон Монголын мянган мянган залуучуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Мөн модон хонь жилдээ бидэнтэй улам нээлттэй, бүтээлч, үр дүнтэй, нийгмийн хариуцлагатай хамтын ажиллагааг бий болгохыг та бүхэнд уриалж байна.
Монголын залуучууд бол Монголын үнэт капитал бөгөөд ирээдүйг бүтээгчид билээ. Бидэнд цаашид оролцоогоо ахиулж, хамтран нэгдэж хийж бүтээх олон ажлууд байна. Та бүхний идэвх, оролцоо, зорилго, хүсэл мөрөөдөл МЗХ-ны цаашдын тогтвортой үйл ажиллагааны бат суурь байх болно.
Ингээд Залуучуудын байгууллагын үе үеийн ажилтнууд, ахмадууд, 21 аймаг, 9 дүүргийн салбар холбоод, залуучуудын зөвлөл, тусгай салбар холбоо, байнгын мэргэжлийн хороод болон нийт залуучууддаа Билгийн тооллын XVII жарны модон хонь жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж айл бүрийн амьдрал элбэг баян, хүн бүр эрүүл энх байж санасан хэрэг тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн айлтгая! Сайхан шинэлээрэй!
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ДЭЛХИЙН ЗАЛУУЧУУДЫН АССАМБЛЕЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ
АЮУШИЙН МӨНХБАТ


















