СЕХ-ноос АН-ын өргөдөлд хариу ирүүлжээ
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Увс аймагт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын мандатыг хүчингүй болгохыг хүссэн өргөдлийг СЕХ-нд 11-р сарын 8-нд гаргасан.
Мэдээллийн алба

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Увс аймагт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын мандатыг хүчингүй болгохыг хүссэн өргөдлийг СЕХ-нд 11 сарын 8-нд гаргасан.
Тус өргөдлийн хугацаа өчигдөр дуусгавар болсон бөгөөд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Таны ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгав” гэсэн хариу ирүүлсэн байна.
Мөн өнгөрсөн сард Увс аймгийн Ардчилсан намын хорооны гишүүд энэ асуудлыг ээлжит хурлаараа хэлэлцээд, тогтоол гарган СЕХ болон Ардчилсан намын удирдлагуудад хүргүүлсэн. Уг тогтоолд “2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар нь УИХ-ын сонгуулийн хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, иргэдэд бэлэн мөнгө тараасныг анхан, давах, хяналтын 3 шатны шүүхийн шийдвэрүүд нотолж, гүйцэтгэлийн ажиллагаа нь хийгдсэн байна.
Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулиар УИХ-ын гишүүний мандат нь хэдийнэ хүчингүй болсон байх ёстой улсууд одоог хүртэл УИХ-д суусаар байгаад Увс аймгийн Ардчилсан намын хорооны гишүүд эгдүүцэж байгаагаа” илэрхийлж, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд СЕХ онцгой анхаарч ажиллах үүрэгтэйг уг шаардлагадаа онцлон дурдсан байсан юм.


















