Серби Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди энэ сарын 05-нд Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Томислав Николичид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Мэдээллийн алба

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди энэ сарын 05-нд Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Томислав Николичид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Энэ үеэр Элчин сайд Т.Ганди Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг товч танилцуулан сүүлийн жилүүдэд зогсонги байдалд байсан Монгол, Сербийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт сэргээн хөгжүүлэхэд хоёр орны хувьд ихээхэн нөөц, боломж байгааг тэмдэглэлээ.
Мөн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад хоёр орны Гадаад харилцааны яам хооронд 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо болсон улс төрийн Анхдугаар зөвлөлдөх уулзалт болон Ерөнхийлөгч, төр, засгийн төлөөлөгчдийн цаашдын харилцан айлчлал онцгой ач холбогдолтой болохыг онцлов.
Хоёр улсын хооронд өмнө нь байгуулагдсан гэрээ, хэлэлцээрүүдийг цэгцлэх, шинэчлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүнийг бүх талаар дэмжих, Сербид төдийгүй Европын бүс нутагт нэр хүндтэй Белградын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт монгол оюутнуудыг хамруулах сонирхолтой байгаагаа мөн илэрхийллээ.
Ерөнхийлөгч Томислав Николич Элчин сайд Т.Гандиг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд нь баяр хүргээд Монгол, Сербийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг сэргээх, түүнийг дэмжин өргөжүүлэн хөгжүүлэх талаар Элчин сайдтай санал нэг байгаагаа хэлж, энэ талаар Сербийн Ерөнхийлөгч өөрийн болон төр, засгийн байгууллагын зүгээс бололцоотой бүх арга хэмжээ авч, Элчин сайдыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн монгол, сербийн ард түмэн олон жилийн уламжлалт харилцаатай бөгөөд энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал суурь болохыг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид халуун мэндчилгээ дэвшүүлэн, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөж байгаагаа уламжлахыг хүслээ.
Итгэмжлэх жуух бичиг барих арга хэмжээнд Сербийн Ерөнхийлөгчийн Ёслолын албаны дарга Жасмина Митрович Марич, ГХЯ-ны ТНБ-ийн дарга, Элчин сайд Вера Маврич, ЕТГ, ГХЯ-ны ажилтнууд болон Монголын ЭСЯ-ны дипломат ажилтнууд байлцав.


















