Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн Протез, ортопедийн үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг шинэчилнэ
тус үйлдвэр 1960-аад онд суурилуулсан зарим төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ үргэлжлүүлж байгаа юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын хэмжээнд 105 мянга гаруй тусгай хэрэгцээт иргэн байгаагаас 40 хүртэл хувь нь ямар нэг байдлаар эд, эрхтэн дутуу аж. Эдгээр иргэдэд болон осол аваарт өртсөн хүмүүст шаардлагатай хиймэл эрхтэн, туслах хэрэгсэл/протез, ортопед/-ийг төрийн болон хувийн хэвшлийн хоёр үйлдвэр хийдэг. Үүний нэг болох төрийн өмчийн “Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн Протез, ортопедийн үйлдвэрт техник, тоног, төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлага тулгарчээ. Учир нь тус үйлдвэр 1960-аад онд суурилуулсан зарим төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ үргэлжлүүлж байгаа юм.
Тэгвэл ХНХЯ-наас хэрэгжүүлж буй Тусгай хэрэгслийг сайжруулах төслийн хүрээнд тус үйлдвэрийг шинэчлэх, тусгай хэрэгцээт иргэдэд сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн хэрэглэхэд эвтэйхэн хиймэл эрхтэн, туслах хэрэгсэл хэрэглэх боломжийг бий болгохоор ажиллаж байна.
Гадны оронд протез, ортопедийн үйлдвэрүүд технологийн дэвшлийн тусламжтай үйлчлүүлж буй хүнийхээ захиалга, эрэлт хэрэгцээнийх нь дагуу зөвхөн өөрт нь тохируулж 3D принтерээр хиймэл эрхтэн, туслах хэрэгсэл хэвлэх боломж бий болж байна. Тэгвэл дээрх төслийн хүрээнд энэ төрлийн протез, ортопедийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголд нэвтрүүлэх, үйлдвэрийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчнийг сургах юм.


















