Сэтгүүлч Жамаль Хашоггийн хэргээр НҮБ тусгай шалгалт явуулж эхэллээ
НҮБ-ын тусгай илтгэгч Агнес Каламардын удирдаж буй баг бүрэлдэхүүн тусгай мөрдлөг шалгалтаа Турк улсад эхлүүлээд буй юм байна.
Мэдээллийн алба

НҮБ-ын тусгай илтгэгч Агнес Каламардын удирдаж буй баг бүрэлдэхүүн тусгай мөрдлөг шалгалтаа Турк улсад эхлүүлээд буй юм байна. Долоо хоног үргэлжлэх шалгалтын эхлэл даваа гарагт Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Чаушоглутай уулзахаас эхэлсэн байна.
Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги өнгөрөгч 10 дугаар сарын 2-ны өдөр Туркийн Станбул хот дахь Саудын Арабын Консулын газарт бичиг баримт авах гэж ороод сураггүй болсон. Засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжилдэг байсан сэтгүүлч бусдын гарт амиа алдсан хэмээн дүгнэснээс хойш цогцос нь бүрэн олдоогүй байгаа юм.
Хэргийн талаар ямар нэг мэдээлэл байхгүй гэж мэдээлж байсан Саудын Арабын тал сүүлд энэ хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа 11 хүний тавд нь цаазын ял оноохоор төлөвлөсөн. Гэвч Туркийн Засгийн газар газар нутагт нь болсон энэ хэргийн шүүх ажиллагаанд үл итгэсэн байдалтай байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Тиймээс НҮБ мөрдлөг шалгалтаараа Хашоггийн аллагын хэрэгт Саудын Арабын талаас улс төрийн болон хувь этгээдүүд хэрхэн оролцсоныг олж тогтоох зорилготой байна. Албаны хүмүүс Турк улс дахь Саудын Арабын Консулын газарт хандан асуултуудад хариулт авах хүсэлт гаргасан гэх мэдээлэл байна.
Энэ ням гараг хүртэл үргэлжлэх мөрдлөг шалгалтын үр дүнг ирэх зургаадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд танилцуулах юм байна.


















