Ш.Бат-Эрдэнэ: Ширүүн борооны улмаас 3900 мал хорогдож, дөрвөн айлын гэр унасан
Энэ сарын 9-ний шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булган, Баяндалай сумдын нутагт хүйтэн бороо, Ханбогд, Манлай сумуудад мөндөр орж, хур тундасын хэмжээ 36-77 мм буюу гамшгийн хэмжээнд хүрч, их хэмжээний үер болсон байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 9-ний шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булган, Баяндалай сумдын нутагт хүйтэн бороо, Ханбогд, Манлай сумуудад мөндөр орж, хур тундасын хэмжээ 36-77 мм буюу гамшгийн хэмжээнд хүрч, их хэмжээний үер болсон байна. Байгалийн энэхүү онц ноцтой үзэгдлийн хор уршгийн талаар аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Бат-Эрдэнээс утсаар тодрууллаа. Тэрбээр “Гурван сумын нутагт хүйтэн бороо, хоёр суманд мөндөр орсон. Хүйтэн борооны хувьд 6 цагаас дээш үргэлжилсэн бөгөөд мөндөр 9-15 минут орсон гэх мэдээлэл байна. Өнөө өглөөний онцгой байдлын шуурхай хуралдааны мэдээгээр хүний амь нас эндсэн тохиолдол байхгүй ч 3900 мал хорогдсон гэж байгаа. Үүнээс 40 нь тэмээ гэсэн мэдээ байна. Түүнчлэн хохирлыг нарийвчлан тоглоолгохоор ажлын хэсгүүдийг томилон явуулсан байгаа. Энэхүү гарз хохирол нэмэгдэх магадлалтай гэж үзэж байна. Мөн ширүүн борооны улмаас дөрвөн айлын гэр унасан бөгөөд аймгийн Гамшгаас хамгаалах газраас яаралтай тусламж үзүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
Дашрамд дурдахад, ширүүн борооны улмаас аймгийн цахилгааны шугамд гэмтэл гарсан бөгөөд гэмтлийг цаг тухай бүрт нь яаралтай зассан аж.



















