Шалтгаангүй халагдсан төрийн албан хаагчдыг буцаан ажилд нь томилохыг шаардлаа
Шийдлийн Засгийн газар байгуулагдаж шинэ сайд нар томилогдож эхэлсэн цагаас зарим яам, агентлагийн төрийн албан хаагчдыг олноор нь ажлаас нь халж байгааг шүүмжилж эхэлсэн.
Мэдээллийн алба

Шийдлийн Засгийн газар байгуулагдаж шинэ сайд нар томилогдож эхэлсэн цагаас зарим яам, агентлагийн төрийн албан хаагчдыг олноор нь ажлаас нь халж байгааг шүүмжилж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр МАХН-ын удирдлагууд төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Тус хуралд МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, П.Ангараг, Ёс зүйн хорооны дарга Г.Давааням, Ардчилал шударга ёс, Монголын залуучуудын холбооны тэргүүн О.Буяннэмэх нар оролцлоо.
МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн “Намын харьяаллаас үүдэн төрийн албан хаагчдыг олноор нь халах, хэлмэгдүүлэх үйлдэл газар авч байна. Ялангуяа МАН-аас томилогдсон Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар хуулийг уландаа гишгэж Төрийн албаны тухай хуулийн дагуу шалгуур хангаж томилогдож ажиллаж байсан олон хүнийг хоморголон шахаж, албан тушаалаас нь халсан эрээ цээргүй үйлдлүүд гаргасаар байна. Манай нам 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ эх орноо аврах 5 хувьсгалыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүний нэг болох улс төрийн хувьсгалын хүрээнд төрийн албыг тогтворжуулах тухай тусгасан байгаа.
.jpg)
Өнөөдөр төрийн албыг гутаан доромжилж тангараг өргөсөн жинхэнэ албан хаагчдыг олноор нь халж оронд нь хамаатан садан, найз нөхдийн хүрээнд мэдлэг боловсрол тэнцэхгүй хүмүүсийг томилж байгааг бид эсэргүүцэж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга томилогдон очсон цагаасаа албан тушаалтнуудаа халж, бүр манаачаа хүртэл сольсон байгаа нь ямар эрээ цээргүй үйлдэл болоод байгааг харуулж байна. Аль намаас томилогдсон байх нь хамаагүй. Гол нь төрийн алба тогтвортой, албан хаагчид хэн нэгэн эрх мэдэлтний ашиг сонирхлын үүднээс хэлмэгдэх учиргүй” хэмээн ярилаа.
МАХН-ын удирдлагууд төрийн албан хаагчдыг олноор нь халж байгаа асуудлаар Өргөдлийн байнгын хороонд шаардлага хүргүүлээд байгаа юм байна. Хэрэв шаардлагыг хүлээн авч шалтгаангүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдыг эргүүлэн албан тушаалд нь томилохгүй бол өөрсдийг нь огцруулах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байлаа.
Энэ талаар МАХН-ын нарийн бичгийн дарга П.Ангараг “Манай намаас томилогдсон 2 сайд Төрийн албаны тухай хуулийг баримталж ажиллаж байгаа. Ажилдаа тэнцэх, мэдлэг боловсролоороо шалгаран ажиллаж байгаа хүмүүс аль намынх байхаасаа үл шалтгаалан ажлаа хийх эрхтэй. Бид хэлмэгдүүлэлтийн талаар олон удаа ярьж байгаа. Хэн нэгэн эрх ашгийнхаа хүрээнд төрийн албан хаагчдыг олноор нь халах нь хэлмэгдүүлэлт. Тиймээс бид энэ хууль бус үйл ажиллагааны эсрэг баттай зогсож арга хэмжээ авахыг шаардах болно. Хэрэв бидний шаардлагыг хүлээн авахгүй бол өөрсдийг нь огцруулах хүртэл арга хэмжээ авч ажиллах болно” гэлээ.


















