Шийдвэр гаргахдаа зөн совингоо дагах нь зөв үү
Мэргэжлийн покерчин, шийдвэр гаргах стратегийн мэргэжилтэн Энни Дьюкийн бичсэн “Шийдвэр хэрхэн гаргах вэ” ном монгол хэл дээр хэвлэгдэж, өчигдөр "Интер" номын дэлгүүрт нээлтээ хийлээ.
Мэдээллийн алба

Мэргэжлийн покерчин, шийдвэр гаргах стратегийн мэргэжилтэн Энни Дьюкийн бичсэн “Шийдвэр хэрхэн гаргах вэ” ном монгол хэл дээр хэвлэгдэж, өчигдөр "Интер" номын дэлгүүрт нээлтээ хийлээ. Энэ номыг "Эрдэмт паблишинг" компани албан ёсны зохиогчийн эрхтэйгээр орчуулж, уншигчдын хүртээл болгоод байна.

“Хүн бүрийн өдөр тутмын амьдралд оновчтой, зөв шийдвэр гаргаж, сонголт хийх шаардлага тулгардаг. Гэвч шийдвэрийг яг ингэж гаргавал зөв гэсэн нэгдсэн ойлголт, арга зам гэж байдаггүй. Хүмүүс ихэвчлэн өөрсдийн зөн совин, туршлага, үзэл бодол, бусдын зөвлөгөө зэргийг дагаж шийдвэрээ гаргадаг. Харин мэргэжлийн покерчин, шийдвэр гаргах стратегийн мэргэжилтэн Энни Дьюкийн бичсэн энэ ном уншигч таныг аливаа шийдвэрийг зөв, оновчтой гаргахад тань туслах болно. Миний хувьд л гэхэд энэ номыг уншаад өмнө нь шийдэж чадахгүй олон жил эргэлзсэн том шийдвэрээ гаргаж, одоо өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө зоригтой алхам хийж чадсан” гэж номын орчуулагч З.Гандарь хэллээ.

Тэрбээр өмнө нь “Хадагтай Перегринийн онцгой хүүхдүүдийн асрамжийн газар”, “Амьсгал агаар болохуйд” зэрэг хүүхэд залуусын унших дуртай 80 гаруй номыг монгол хэлнээ хөрвүүлжээ.


















