Шилдэг нийтлэлийн эзэд тодорлоо
Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб “Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо”-ноос санаачлан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарлааад байсан. Тэгвэл өнөөдөр уралдааны шилдгүүдийг “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэтгүүлчди
Мэдээллийн алба

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб “Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо”-ноос санаачлан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарлааад байсан. Тэгвэл өнөөдөр уралдааны шилдгүүдийг “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэтгүүлчдийн нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр тодруулж, шагналыг гардууллаа.
Уралдаанд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй сонин, сэтгүүл, сайтын нийт 28 сэтгүүлчийн 34 нийтлэл ирснээс тэргүүн байрт News.mn сайтын сэтгүүлч Б.Энхмандах “ Хандлагаа өөрчилье” , дэд байрт “Монголын үнэн” сонины сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр ““Хүч”-гүй хуулиар түрий барьсан хүчирхийлэгчид”, гутгаар байрт MNB.mn сайтын сэтгүүлч Ж.Мядагбадам “Хүчирхийлэл хэмээх бөөсөн ороолтоо тайлцгаая” нийтлэлүүд тус тус шалгарлаа.
Уралдааныг мэргэжлийн сэтгүүлзүйн багаас гадна, ХЭҮТ, ХЭҮК, Жендерийн үндэсний хороо, Олуулаа клуб зэрэг хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл өөр өөрсдийн өнцөгөөс тусгайлсан нууц дугаарын дагуу шүүснээрээ ихээхэн онцлогтой юм.
Эхний гурван байрт орсон сэтгүүлчдийн сэтгэгдлийг сонслоо.
Тэргүүн байрын эзэн News.mn сайтын сэтгүүлч Б.Энхмандах
.jpg)
-“Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уралдаанд аль сэдвийг хөндөн нийтлэлээ бичсэн бэ?
- Би энэ нийтлэлийн уралдаанд бүтээлээ өгөхдөө гурван өөр хандлагаар санаа дэвшүүлье гэж зорьсон юм. Тэр нь юу байж болох вэ гэхээр учиргүй шүүмжлээд байх биш ямар нэгэн байдлаар санал санаачилга гаргавал илүү үр дүнтэй юм болов уу гэж бодоод эхний ээлжинд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийн хүрээнд хэвлэл мэдээллийн салбар ямар өөрчлөлт оруулах ёстой вэ?
Нийгмийн зүгээс, төрийн бодлогын хүрээнд ямар хандлагыг өөрчлөх ёстой вэ? гэдэг өнцгөөс харсан. Жишээ нь, төрийн бодлогын хүрээнд бол Төрийн бодлогыг зуун хувь гэж үзвэл далан хувь нь хүчирхийлэлд өртөгдсөн хүмүүс рүү ханддаг. 30 хувь нь хүчирхийлэлд өртөгдсөн байдал руу нь ханддаг. Үүний харьцааг өөрчилье гэж үзсэн.
Дараагийн нэг асуудал нь “эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гэдэг. Энэ үг нь өөрийгөө илжиг болгон бодож байна. Энэ хандлага нь хүчирхийллийг улам өөгшүүлж байна гэсэн санааг гаргасан.
Дараагийн нэг санаа нь хэвлэлийнхэн өдөр бүр агаарын бохирдол, хог зэрэг сэдвээр нийтлэл бичдэг. Энэ сэдвүүдийн нэг нь гэр бүлийн хүчирхийлэл болчихсон юм шиг санагдаад байгаа юм л даа. Энэ сэдвийг хөндөх биш хөдөлгөх ёстой гэсэн санааг гаргаад нийтлэлийнхээ нэрээ “Хандлагаа өөрчилье” гэж өгсөн юм.
- Таны бодлоор одоо бид гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ямар ажлыг хамгийн түрүүнд хийвэл зүгээр вэ?
- Миний бодлоор хэн нэгнийгээ хүчирхийлсэн нь сонин биш юм. Хэн үүнд нөлөөлж байна. Яагаад энэ гэр бүлийн хүчирхийлэл гараад байна гэдгийг судлаж үзвэл үр дүнгээ өгнө гэж боддог.
Хоёрдугаар байрын эзэн“Монголын үнэн” сонины сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр
.jpg)
- Нийтлэлийн уралдаан, хэлэлцүүлгийн талаар өөрийнхөө бодлыг хуваалцана уу?
- Энэ үйл ажиллагааг би хамгийн түрүүнд маш зөв үйл ажиллагаа боллоо гэж бодож байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг бид ууж, идэхэд зориулсан баяр болгоод байна уу даа гэж бодогддог. Энэ уралдааны сэдэв нь таалагдсан учраас би маш их ажил хэрэг болгон зорьж орсон. “Хүчгүй хуулиар төрөө барьсан хүчирхийлэгч” гэх нийтлэл бичсэн. Яагаад хүчгүй хууль байна вэ? гэхээр гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гарсан ч хэрэгждэггүй, сүүлийн үед хүн сонсоод сэтгэл эмзэглэхээр хэргүүд олон гарах болсон.
Тийм болохоор энэ хуулийн өөрчлөлтөө хурдан гаргаад батлаад хэрэгжүүлээч гэсэн санаатай юм. Засгийн газарт шинэчлэн найруулсан хууль жил гаруй дуншлаа. Энэ хугацаанд дөчин хэдэн хүн амь үрэгдлээ.
-Таны бодлоор хүчирхийллээс ангижрах гарц хэр ойр санагдаж байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн хамгийн түрүүнд цагдаад ханддаг. Цагдаа ирээд архи хэрэглээгүй бол хоорондоо зохицох хэрэгтэй гээд орхиод явдаг. Үүнээс үндэслэсэн хүн амины хэрэг ихээхэн гардаг болсон шүү дээ. Мэдээж хууль маань чанга байхгүй болохоор энэ явдал үргэлжлээд газар аваад байгаа юм гэсэн бодлоор нийтлэлдээ хандсан юм. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүлжүүлэх байранд хонуулаад зүгээр гарах нь тийм ч оновчтой биш юм. Хамгийн гол тэнд сэтгэл зүйч хэрэгтэй байна. Ингэхгүй бол тухайн хүн эрүүлжүүлэхэд хоносондоо шаралхаж, гэртээ хариад хүчирхийлэл үйлддэг. Энэ өнцгөөр л би нийтлэлээ бичсэн.
Гуравдугаар байрын эзэнMNB.MN сайтын сэтгүүлч Ж.Мядагбадам

- Та хүчирхийллийг “Бөөсөн ороолт” гэж тодотгосон байсан. Яагаад ийм нэр өгсөн талаар асуумаар санагдлаа?
- Өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан Г.Алтанхүүгийн гэгдэх аймшигт хэргийн улмаас би маш их цочролд орсон. Олон хоног зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөн, хохирсоор байгаа эмэгтэйчүүдийн тухай л бодсоор явлаа. Тэгээд эцэст нь “эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гэдэг үгээр ард иргэд, төрийн үйлчилгээ үзүүлэгчид болоод хууль эрхзүйн орчин нь хүртэл өвчилчихсөн юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс нийгмийн энэхүү өвчлөлийг “Бөөсөн ороолт” гэж нэрлээд түүнээс ангижрах арга замыг өөрийнхөө хэмжээнд эрэлхийлсэн юм л даа.
- Тэгэхэээр таны үзэж байгаагаар гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн ангижрах ёстой юм бэ?
- Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийгмээрээ, нийт олноороо тэмцэх арга замыг л эрэлхийлэх хэрэгтэй юм. Энэ хүрээнд гэр бүлийн сэтгэлзүйч, хууль, өмгөөлөгчдийг юун түрүүн энэ асуудалд руу татан оролцуулах хэрэгтэй мэт санагдсан. Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлд өртөгч хэн бүхэнд туслах, хууль эрхзүйн зөвлөгөө өгөх, хөрш айл нь зоригтойгоор цагдаа дуудах зэрэг нийгмийн харилцаа, төрийн үйлчилгээний хүртээмж, зохистой байдлуудыг хүчтэй болгох асуудал байна.
Өнөөдөр энэ асуудал төрийн болоод төрийн бус, иргэний нийгмийн хэдхэн байгууллагын нуруун дээр яваад байх биш, хувийн хэвшлүүд мөн төрийнхөө өмнө үүрэг хүлээх системийг нэвтрүүлэн, Төр өөрөө сайн менежер байж, өөрт байгаа нөхцөл бололцоогоо бүрэн ашиглана гэсэн санааг гол болгосон.
Шилдэг нийтлэлүүдийг манай Mnb.mn сайт цувралаар хүргэх болно.


















