Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилдэг тэмээчинг 10 лангийн мөнгөн буйлаар шагнана

Энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод “Их говийн тэмээний баяр-2015”, баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөн зохион байгуулагдах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг тэмээчинг 10 лангийн мөнгөн буйлаар шагнана
Шилдэг тэмээчинг 10 лангийн мөнгөн буйлаар шагнана. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод “Их говийн тэмээний баяр-2015”, баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөн зохион байгуулагдах гэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачлан жил бүр уламжлал болгон хийж ирсэн Их говийн тэмээний баярыг энэ жил баруун аймгуудыг хамруулан бүсийн хэмжээнд зохион байгуулж, тэмээчдийн зөвлөгөөнийг хамтатган хийхээр болжээ. 10 дахь жилдээ болох энэхүү арга хэмжээ нь тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, ашиг шимийг сайжруулахад малчид тэмээчдийн идэвх сонирхлыг өрнүүлэх, тэмээний соёл, зан үйлийг нийтэд сурталчлахын зэрэгцээ тэмээчдээ харилцан туршлага солилцуулах зорилготойгоор орон нутагт хийгддэг. Их говийн тэмээний баярт Говь-Алтай аймгийн 18 сумаас тэмээчид тус бүр нэг баг болон оролцох бол бусад аймаг тус бүр нэг баг болж оролцох юм.

Их говийн тэмээний баярын хүрээнд хүндэтгэлийн тэмээн парадаар эхэлж нээлтийн арга хэмжээ, сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн, үржлийн шилмэл ингэ, буур шалгаруулалт, буйл зорох, бурантаг томох, тэмээчдийн буухиа тэмцээ болохоос гадна хурдан ат болон торомны уралдаанууд зохион байгуулна. Мөн тэмээний гаралтай сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, хөгжим, ерөөл магтаалын уралдаан зэрэг уламжлалт 12 төрлөөр зохион байгуулагдах юм.

Тэмээний баярын хаалтын ажиллагааны үеэр 12 төрлийн уралдаан тэмцээний шагналаас гадна оролцсон сумуудыг байр эзлүүлж багийн дүнгээр шагнах ба шилдэг таван тэмээчнийг шалгаруулна. Түүнчлэн шилдгийн шилдэг нэг тэмээчинг шалгаруулж 10 лангийн мөнгөн буйлаар шагнах юм.

Та бүхэнд өнгөрсөн жилийн тэмээний баярын зарим фото зургуудыг хүргэж байна.

Хуваалцах