“Шилэн данс”-ны тухай хуулийг хэрэгжүүлээгүй удирдах албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс”-ны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Тус хуулийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд санхүү, эдийн засгийн бүхий л
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс”-ны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Тус хуулийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд санхүү, эдийн засгийн бүхий л мэдээллийг байгууллагынхаа цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.
Мэдээллийн дагуу иргэд тухайн байгууллагаас санхүүгийн мэдээлэл авч, хяналт тавих эрхтэй болсон юм. Хуулийг анх санаачилж, боловсруулах шатанд нийслэлээс дэмжиж өнгөрсөн онд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсанд “Шилэн данс” гэсэн цэсийг шинээр байршуулж, ажиллуулж эхэлсэн. Мөн нийслэлийн Засаг даргын 2012 оны “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагуудын гадаад, дотоод томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа юм.
Өнөөдөр болсон 2015 оны Нийслэлийн удирдах ажилтнуудын анхны шуурхай зөвлөлгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хуулийн хэрэгжилтийг яаралтай хангаж, нийслэлийн нутгийн захиргааны харьяа байгууллагууд өөрсдийн цахим хуудсанд санхүүгийн мэдээллээ байршуулах, уулзалт бүрийг нээлттэй ид тод явуулах системд шилжих ажлыг 2015 оны хоёрдугаар сарын 1 гэхэд дуусгасан байхыг үүрэгдлээ. Хэрэв заасан хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангаагүй бол тус байгууллагын даргыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдлээ.


















