Шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
Өнгөрсөн баасан гарагт хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон
Мэдээллийн алба

Өнгөрсөн баасан гарагт хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танилцуулав. Монгол Улсын Засгийн газар “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЯОУХАБ)-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна.
Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай 36.8 тэрбум иений нэмэлт санхүүжилтийг ЯОУХАБ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх тухай асуудлыг Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодтой урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхий сайдын 2015 оны 93 дугаар захирамжийг үндэслэн 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Нэмэлт зээлийн хэлэлцээрийг байгуулсан хэмээн сайд Ц.Цолмон танилцууллаа. Тэрбээр, дээрх хэлэлцээрийн хүрээнд авах Нэмэлт зээл нь жилийн 0.1 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаанд эргэн төлөх бөгөөд үүнээс эхний 10 жил нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байгаа нь өмнөх зээлтэй харьцуулахад хугацааны хувьд ижил бөгөөд зээлийн хүү 0.2 хувиас 2 дахин багасаж зээлийн нөхцөл сайжирсан гэж хэлсэн юм.
Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн болохыг УИХ-ын гишүүн Н.Энхболд мөн гишүүдэд танилцуулсан.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, шинэ нисэх онгоцны буудал ирэх онд манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө ашиглалтад орох уу хэмээн лавласан. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан, одоо УИХ-аар соёрхон батлах нэмэлт зээлийн хөрөнгөд хурдны зам барих хөрөнгө багтаж байгаа юу гээд үүнээс хойш дахин зээл авах шаардлага гарахгүй биз дээ гэж тодруулж байлаа.
Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, Шинэ нисэх онгоцны буудлын барилгын бүтээн байгуулалтыг 2016 оны долоодугаар сарын сүүлийн 7 хоногт ашиглалтад оруулна гэж төлөвлөж байгаа аж. Одоо авч байгаа зээлийг шинэ нисэх онгоцны буудлыг барих ажиллагаанд зарцуулах бөгөөд дахин зээл авахгүй, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр бүх ажлыг гүйцэтгэх аж. Ажлын гүйцэтгэл 35 хувьтай буюу хугацаанаасаа нэг хувиар түрүүнд яваа гэлээ. Энэ удаад авах зээлийн хөрөнгөд хурдны зам барих ажил багтаагүй бөгөөд хурдны замын ажлыг БНХАУ-аас авах зээлийн эх үүсвэрээр барихаар төлөвлөөд байгаа гэж хариулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд энэхүү төслийг дэмжсэнээр Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдлаа.


















