Шинэ сайд нарыг гаднаас томилох үүрэг өгчээ
Өнгөрсөн долоо хоногт АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж МАН-ыг хамтарсан Засгийн газарт хангалтгүй ажилласан хэмээн үзэж засгаас гаргах шийдвэр гаргасан.
Мэдээллийн алба

Өнгөрсөн долоо хоногт АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж МАН-ыг хамтарсан Засгийн газарт хангалтгүй ажилласан хэмээн үзэж засгаас гаргах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд уг асуудлыг хэлэлцэн хуралдлаа. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг бүрэн дэмжиж хоёр заалт бүхий шийдвэр гаргажээ. Нэгдүгээрт, Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт өгсөн байна.
Хоёрдугаарт, Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд засгаас гарсан сайд нарын оронд УИХ-д хамтарсан бусад нам эвсэлтэй зөвшилцөхийг үүрэг болгосон байна. Ингэхдээ шинэ сайдуудыг УИХ-аас бус гаднаас томилох нь зүйтэй гэсэн Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг мөн дэмжжээ. Түүнчлэн АН-ын удирдлагуудын хэлснээр Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газрыг тараах шийдвэр гаргаагүй бөгөөд засагт байгаа МАН-ын зургаан сайдын оронд бусад хамтарсан намын гишүүдийг томилох талаар ярилцаж байгаа аж.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан хараахан дуусаагүй байгаа бөгөөд бүлгийн хуралдааны дараа үргэлжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөл хуралдах юм.


















