Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхэд 900 гаруй мянган хүн оролцож байжээ
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр Үндсэн хууль тогтоогчдын Холбооны анхдугаар чуулган боллоо.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр Үндсэн хууль тогтоогчдын Холбооны анхдугаар чуулган боллоо. Тус чуулганд Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Д.Моондой, гүйцэтгэх захирал Д.Мандах, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Н.Батбаяр нар болон АИХ-ын депутатууд оролцсон юм.
Анхдугаар чуулганыг нээж Үндсэн хууль тогтоогчдын холбооны Ерөнхийлөгч Д.Моондой үг хэлсэн юм. Тэрбээр, Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхэд манай орны 900 гаруй мянган хүн оролцсон 415428 хүн үг хэлж, давхардсан тоогоор 5177 санал ирүүлсэн юм. Эдгээр саналыг нэгтгэн дүгнэж судлан төсөлд тусгах ажлын 10 хэсгийг удирдах ажилтан, тэргүүлэгч эрдэмтэд, мэргэжилтэн нийт 90 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан юм. Иймд үндсэн хууль нь депутат та бүхний төдийгүй Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл мөн гэдгийг онцлож байлаа.
Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын Холбооны шинээр сонгогдсон Удирдах зөвлөл 2014 оны хоёрдугаар сараас Дотоод ажлын, Үндсэн хууль сахиулах, Үндсэн хуулийн соён гэгээрүүлэх, Депутатууд, нийгмийн бодлогын, Депутатууд, холбооны санхүүгийн гэсэн орон тооны бус таван алба, 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Түүнчлэн 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа зэрэгцэн сууж батлалцсан нийт 430 депутатаас өнөөдрийн байдлаар 289 хүн амьд сэрүүн байгаа юм байна.
Чуулганы үеэр тус удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хандан Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалыг сурталчилж, парламент ёс, хууль дээдлэх мэдлэг боловсролыг ард иргэдэд эзэмшүүлэх, үндсэн хуультай холбоотой өв соёлыг бий болгох, хамгаалах зорилгоор Үндсэн хуулийн өвийн тухай хуулийн төслийг санаачлах, Үндсэн хуулийн музей, үзмэр, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах тухай хоёр асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөн барих нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэнийг чуулганд оролцсон депутатууд санал нэгтэй дэмжсэн юм.


















